Монгол Улсын Засгийн газар Улсын төсвөөс санхүүждэг эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг бодитоор үнэлж, эмч ажилтнуудын цалингийн эх үүсвэрийг баталгаажуулах, цалин хөлсийг тодорхой шатлалаар нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор 2021 оны 1 сарын 1-нээс эхлэн гүйцэтгэлээр санхүүжих тухай шийдвэр гаргасан. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /ЭХЭМҮТ/ нь гүйцэтгэлийн санхүүжилтийг амжилттай хэрэгжүүлсний үр дүнд төвлөрсөн орлогыг зүй зохистой тэгш хүртээмжтэй зарцуулж эхлээд байна.
Тухайлбал 2022 оны 6-р сараас 25-аас дээш жил ажилласан 300 орчим эмч, эмнэлэгийн мэргэжилтэн, ажилтнуудын үндсэн цалинг 20 хувиар нэмэгдүүлэх тухай шийдвэрийг гарган хэрэгжүүлж эхэлсэн.
Харин өнгөрсөн сард буюу 7-р сарын 26-ны өдөр ЭХЭМҮТ-ийн нийт ажилчдын хурлын үеэр Ерөнхий захирал Ш.АЛТАНТУЯА нийт эмч, ажилчдын улирал тутамд авдаг ур чадварын урамшууллын 60 хувийг, үндсэн цалингийх нь 50-70 хувьтай тэнцэх 1 удаагийн мөнгөн урамшуулалтай хамтатган олгох тухай шийдвэр гаргаснаа мэдэгдсэн байна.
Дээрхи шийдвэрүүд нь эмч ажилтнуудын нийгмийн баталгааг бий болгож тэдний тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилтын хүрээнд хийгдэж байгаа ажил бөгөөд цаашид үе шаттайгаар нийт ажилчдынхаа цалинг нэмэгдүүлж, нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна.