Өнөөдөр аавуудын өдөр тохиож байна. Монголын Эрэгтэйчүүдийн холбооны санаачилгаар 2005 оноос эхлэн жил бүрийн наймдугаар сарын 8-ны өдрийг гэр бүлийн ноён нуруу, өмөг түшиг, хайрт аавыгаа энэрэн хайрлаж, хүндлэн бахархаж, тэдний нэр хүнд, үүрэг хариуцлага үнэлэмжийг дээшлүүлэх зорилгоор “Аавуудын өдөр” болгон тэмдэглэдэг болсон түүхтэй.
Сонирхуулахад, өрх гэрийн түшиг болсон аавуудын баярыг дэлхийн 17 улс тэмдэглэн өнгөрөөдөг байсан бөгөөд манай улс энэ өдрийг тэмдэглэх болсон 18 дахь орон нь болж байжээ. Одоогоор дэлхийн 20 гаруй улс энэ өдрийг тэмдэглэдэг байна.
Ингээд алдартнуудын хэлсэн аавын тухай эшлэлүүдийг хүргэе.
1 “Хүн хүндээ өгдөг хамгийн сайхан бэлгийг аав минь надад өгсөн. Тэр бол түүний надад өгсөн итгэл юм” Америкийн сагсан бөмбөгийн дасгалжуулагч Жим Валвано
2 “Хүүхдийнхээ төлөө эцэг хүний хийх хамгийн сайхан зүйл бол тэдний ээжийг хайрлах явдал юм” Анжанэт Гарсия Антелон
3 “Аав минь надад яаж амьдрахыг зааж байгаагүй ч үйл хөдлөл, үлгэр дууриаллаараа хэрхэн амьдрахыг сургасан” Америкийн нэрт зохиолч Кларенс Бадинтон Келланд
4 “Аав маань дүү бид хоёртой цуг гадаа тоглож байсан юм. Гэтэл ээж ирээд “Чи хөвгүүдтэй хамт зүлэг талхлаад байна шүү дээ” гэж халаглахад аав “Бид зүлгийг биш хөвгүүдийг өсгөж байгаа шүү дээ, хонгор минь” гэж хариулсан юм даа” Америкийн бэйсболлийн тамирчин Хармон Киллэбрев
5 “Ангир шар нарны дор аавынхаа хайранд 49 жил өлгийдүүлж өссөн. Аав минь ханьгүй, би ээжгүй олон жил хамт амьдарсан. Хоёр биеийнхээ дутууг нөхөж, амьдралын нугачааг давсан. Олон нөхөөстэй дээл шиг он жилүүдийг хэнэггүйхэн эр зангаар л өнгөрүүллээ дээ. Эргээд бодоход, аавынхаа энэ занд эрэмшээд би хэнэггүй явсан байна лээ” Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн
6 “Ядуу эр хэрэв өөрийн гэсэн гэр бүлтэй л бол тэр баян эр гэсэн үг” “M*A*S*H” киноны гол дүр Колонел Поттерийн хэлсэн үг
7 “Нэг аав зуун багшаас ч илүү” Английн яруу найрагч Жорж Герберт
8 “Зарим хөөрхийлөлтэй аав хүүхдүүдээ орхиж явахдаа өөрийн амьдралын хамгийн үнэт өв хөрөнгөө алдаж буйгаа мэддэггүй” Нэрт зохиолч Рут Э.Ренкил
9 “Эцэг болох амархан, аав байх хэцүү” Вильгельм Буш
10 “Аав хүний хүүхдүүдийнхээ төлөө хийх хамгийн чухал зүйл нь ээжийг нь хайрлах явдал юм” Нотр-Дамын Их сургуулийн 15 дахь Ерөнхийлөгч Теодор Хесбург