[starbox]
Олимпийн найман удаагийн аварга Усэйн Болт Лондон хотноо болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 100 метрийн гүйлтэд хүрэл медаль хүртлээ. Зодог тайлахын өмнөх сүүлчийн энэхүү тэмцээнээс хөгжөөн дэмжигчид нь ихийг хүлээж байсан ч санаснаар болсонгүй. Гэсэн ч тэр ялагдашгүй Усэйн Болт хэвээрээ их спортыг орхиж байна.
Ямайкийн тамирчин Усэйн Болт 2009-2016 он хүртэлх бүхий л том тэмцээнүүдийн 100 метрийн гүйлтэд түрүүлж байсан билээ. Үүнд зөвхөн 2011 оны ДАШТ-д фальстартаар эхлүүлж, хасагдсан нь л ордоггүй.
Лондоны ДАШТ-ийн 100 метрт хүрэл медаль хүртсэн ч тэрбээр энэ үдшийн хаан байж чадлаа.
Усэйний хувьд энэхүү тэмцээний дараа буюу энэ сарын 21-нд 31 нас хүрэх юм. Уг нь тэрбээр хүсвэл цаашид таван жил одоогийнх шигээ эрч хүчтэй гүйх боломжтой билээ. Гэхдээ тэрбээр жилийн өмнө буюу Рио-де-Жанейрогийн олимпийн дараа зодог тайлахаар болсон. Харин ивээн тэтгэгчид нь түүнийг ятгасны хүчинд энэ жилийн ДАШТ-д оролцож байгаа аж.
Усэйн Болт боломжтой бүхий л цол гуншинг хүртэж, дэлхийд давтагдашгүй дээд амжилт тогтоож чадсан. Түүний энэ амжилтыг лав ойрын ирээдүйд эвдэж чадах тамирчин нэгээхэн ч үгүй биз ээ. Усэйн Болтын нэр сэргээшийн дуулиантай хэзээ ч холбогдож байсангүй. Ямайкийн суут хүн түүний амжилт үнэхээр дардан байсан.
Лондоны ДАШТ-ий 100 метрийн уралдааны дараа Америкийн алдарт хөнгөн атлетикч, 200, 400 метрийн зайн гүйлтийн дэлхийн дээд амжилт тогтоогч асан Майкл Жонсон Болтыг хэзээ ч ийм сул дорой байгаагаар харж байгаагүй гэжээ. Түүний хувьд Америкийн тамирчин Жастин Гэтлин, Кристиан Коулман нарын араас 9.95 секундын амжилттайгаар орж ирсэн юм. 100 метрийн гүйлтэд түрүүлсэн Жастин Гэтлин тэмцээний дараа Усэйн Болтын өмнө сөгдөж, хүндэтгэл үзүүлсэн байна.
Ямайкийн цахилгаан энэ сарын 12-нд 4х100 метр буухиа гүйлтийн шувтаргын тоглолтод оролцоно. Гэхдээ өчигдөр тэрбээр хөгжөөн дэмжигчидтэйгээ албан ёсоор салах ёс гүйцэтгэжээ.
Тэрбээр “Би хамгийн агуу тамирчдын нэг гэдгээ дэлхий дахинд баталсан. Тийм болохоор өнөөдрийн үр дүн ямар нэгэн зүйлийг өөрчилнө гэж бодохгүй байна. Би тамирчны хувьд үүргээ гүйцэтгэж, спортыг шинэ түвшинд өргөж, үүнээс ч илүү байж болохыг харуулсан. Би болон жилийн турш дахин давтагдашгүй байж, бүгдийг өөрөөр хийдгээ үзүүлсэн. Миний дараа хэн нэгэн өөр байж чадна гэж бодохгүй байна. Дэмжиж байсан бүгдэд талархлаа. Та бүхнийхээ дэмжлэгтэйгээр л би боломжтой бүхнийг хийсээр ирсэн юм шүү. Хайр, талархлаа хайрласан Лондондоо баярлалаа. Харин хүссэнээ үзүүлж чадаагүйдээ л жаахан харамсаж байна” хэмээн хэлснийг “The Telegraph” дамжуулсан байна.
Бидний хувьд өөрийн гэсэн цаг хугацаагаа тодорхойлж, карьераа дуусах хүртэл жинхэнэ домог байж чадсан атлетикчидтай нэгэн цагт аж төрсөн гэдгээрээ тун азтай. Харин тэрбээр цаашид юу хийх бол?
Усэйн гэр бүлтэй болж, өөрийнхөөрөө аз жаргалтай амьдарна гэж өмнө нь мэдэгдэж байжээ. Тэр тэгэх ч гавьяатай хүн.