Их Эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойд зориулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор “Чингис хааны ертөнц ба Монгол судлал” сэдэвт цогц арга хэмжээг энэ оны 8 дугаар сарын 5-10-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
Энэ хүрээнд “Чингис хааны ертөнц ба Монгол судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж, таван салбар хуралдаанаар 155 илтгэл хэлэлцүүлэх юм. Үүнд:
- “Монголын түүх, угсаатны судлал”,
- “Монгол хэл, уран зохиол судлал”,
- “Монголчуудын соёлын ертөнц”,
- “Монголчууд ба гадаад ертөнц”,
- “Монголчуудын соёлын өв, археологийн судалгаа” сэдвээр зохион байгуулна.
Цогц үйл ажиллагаанд 14 орны 54 монгол судлаач оролцох бөгөөд үндсэн хуралдаан 2022 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Төрийн ордонд болно.