Эх сурвалж: Baabar.mn ОРГИЛМАА
-Засгийн газрын өрийн хэмжээ ДНБ-ий 78.8 хувьтай байх үед ажиллаж байсан хүмүүс өнөөдөр ДНБ-ийн 50.8 хувьтай өртэй үед ингэж хашхирах эрхтэй юм уу?-
Ойрын өдрүүдэд монголчууд дефольтод нэрвэгдэх биш, дефольтоор айлгах технологид эзлэгдэж эхэллээ. Энэ талаар гадны сайтуудад мэдээлсэн, нийтлүүлснийг “баяр хөөртэйгээр” хүлээн авч байх юм. “Монгол Улс Шри-Ланкийн араас орж дампуурах”, “Лаостой хөтлөлцөж дефольтод орох” нь хэнд гоё байгаа юм бэ?Өрийн дефольт гэдэг ойлголтыг олон нийт зөвөөр ойлгодог болсон. Өрийн дефольт гэдэг нь тухайн улс орны Засгийн газар өрөө төлөх чадамжгүй болохыг хэлдэг. Гэтэл Монголын Засгийн газар өрөө хугацаанд нь төлөөд явж байгааг баримтууд харуулж байна. Монголын Засгийн газар энэ онд зөвхөн 2012 онд гаргасан “Чингис” бондын үлдэгдэл төлбөр 136.8 сая ам.долларыг л төлөх үүрэгтэй. 2023 онд “Гэрэгэ” бондын 533.1 сая ам.доллар хүлээгдэж буй. Эдгээрийг хугацаанд нь бүрэн төлөхөөр ажиллаж байгаагийнх нь нотолгоо нь 2021 оны 7 дугаар сарын 7-нд “Сенчири” бондыг зориглон гаргасан явдал юм.
“Сенчири” бондыг уг нь өнгөрсөн оны гуравдугаар сард гаргахаар байсан ч эсэргүүцэл, саад тотгор мундахгүй байсаар долдугаар сард гаргасан. Гэхдээ өрийн дарамт айсуйг урьдчилж харж уг бондыг гаргаснаар 1 тэрбум ам.долларын өр төлөх байсныг бууруулж чадсан. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газрын зүгээс “Сенчири” төслийн хүрээнд түүхэндээ хамгийн бага түвшний хүүтэйгээр буюу 6 жилийн хугацаатай 3.5 хувийн хүүтэй 500 сая ам.доллар, 10 жилийн хугацаатай 4.45 хувийн хүүтэй, 500 сая ам.доллар, нийт 1.0 тэрбум ам.долларын өрийн зохицуулалтын арга хэмжээг амжилттайгаар авч хэрэгжүүлснээр 2022 оны 12 дугаар сард төлөгдөх Чингис бондын үлдэгдлээс 662 сая ам.долларыг, 2023 онд төлөгдөх хуваарьтай байсан “Гэрэгэ” бондоос 277 сая ам.долларыг тус тус төлж 2022-2023 онд үүсэх хүндрэлийг урьдчилж харж чадсан байдаг.
Уг нь зүтгэснээрээ гуравдугаар сардаа бонд гаргасан бол бүр ч ашигтай гарах байж. “Сенчири” бондыг гаргаж “Гэрэгэ”, “Чингис” бондуудын өрийг хааж хугацаа хожоогүй бол Төв банк өдийд 1 тэрбум ам.долларыг өрөндөө өгөөд 2 тэрбум ам.доллартай л сууж байх байсан. Тэгэхээр Шри-Ланкатай, Лаостой Монголын Засгийн газрын өрийг адилтгаж “дефольод дурлах” хэрэггүй, боломжгүй юм.
Энд бас нэг баримт дурдъя. 2022 оны 8 дугаар сарын 2-ны байдлаарх дүн мэдээ шүү.
Шри-Ланка л гэхэд 7 хувийн өгөөжтэй гаргасан бондоо 40 хувиар, 5.75 хувиар гаргасан бонд нь 280.6 хувийн өгөөжтэй гэж зарлаад байхад бонд нь зарагдахгүй байгаа биз? Пакистаны Засгийн газрын бондуудын уналтыг хар. Гэтэл Монголын Засгийн газрын бондууд 5.1 хувийн өгөөжтэй байсан нь 6.5 хувь, 8.75 хувийн өгөөжтэй гаргасан нь 10 хувьтай л гарч байна. Үнэ нь ч, өгөөж нь ч хамгийн тогтвортой байгаа биз.
Гадны хөрөнгө оруулагчид Монголын Засгийн газарт итгэж байгаагийн хамгийн том нотолгоо нь энэ. Дараагийн нотолгоо нь зээлжих зэрэглэл тогтвортой “В” үзүүлэлтээ хадгалаад байгаа явдал. Зээлжих зэрэглэл тогтоодог “Fitch”, “S&P” зэрэг байгууллага энэ оны тав, долдугаар саруудад ингэж үнэлчихээд явсан. Эдний дүгнэлтийг арай үгүйсгэхгүй, хардахгүй байлгүй дээ. Мэдээж сүүлийн үед дэлхий дахинд үүсээд байгаа хүндрэлүүд манайд нөлөөлж байна. Тухайлбал АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ гурван удаа өсгөчихлөө. Энэ нь 1980-аад оноос хойш тохиолдсон хамгийн огцом өсөлт гэж “Credit Swiss” үзсэн байна. Үүнээс болоод дэлхийн хамгийн эрсдэлгүй гэгддэг АНУ-ын ЗГҮЦ-ны бонд 0.25 хувиас 3 хувь хүртлээ өсчихлөө. Цаашдаа ч нэмэгдэх төлөвтэй байна. Гэхдээ дээрх үзүүлэлтүүдээ харахаар олон улсын хөрөнгө оруулагчид Монголыг “өндөр эрсдэлтэй орон” гэж үзээгүй байхад өөрсдөө дотроосоо өндөр эрсдэл, дампуурал “хүсээд” байгааг улс төр гэж үзэхээс өөр аргагүй юм биш үү. Тэгээд ч энэ мэдээг хэн, хэн чанга дуугаар мэдээлж бархирч байгааг анзаарахад гэмгүй. Засгийн газрын танхимд ажиллаж, өрийн дарамтын эсрэг “улаан гараараа тэмцэж явсан” тэр хүмүүс л өнөөдөр “дампуурал, эрсдэл хүсээд” улангасан дайрч худал мэдээлэл тарааж байгааг анхаараарай. Тэр тусмаа Засгийн газрын өрийн хэмжээ ДНБ-ий 78.8 хувьтай байх үед ажиллаж байсан хүмүүс өнөөдөр ДНБ-ийн 50.8 хувьтай өртэй үед ингэж хашхирах эрхтэй юм уу?
Энэ хүмүүс Пакистан, Камбож, Мальдив, Шинэ Гвиней, Вьеьтнамын бондын үнэлгээг хараагүй буюу харахыг хүсээгүй бололтой.
Сүүлийн 30 жилд Засгийн газар өрийн дарамтад орж байсан ч гэсэн төлбөрөө төлөх чадваргүйд хэзээ ч хүрч байгаагүй. Энэ бол Засгийн газраас өрийн удирдлагыг оновчтой хэрэгжүүлж 2016 онд ДНБ-ий 78.8 хувьтай тэнцэж байсан өрийг 2019 онд 55.1 хувь, 2021 онд 50.8 хувьтай болгож бууруулсан, мөн өрийн төлөлтийн хугацааг 2016 онд 6 жил байсныг 2021 онд 8.3 жил болгож сунгасан, өрийн дундаж хүү 5.3 хувьтай байсныг 3 хувь болтол бууруулснаас харагдаж байна. Тиймээс ч Сангийн сайд өчигдөр “Цаашид төсвийн сахилга бат, өрийн удирдлагы стратегиэ баримтлаад явахад Өрийн дефольтод орохгүй” гээд мэдэгдчихлээ. Энэ бол зоригтой мэдэгдэл биш баримттай зорилт гэж ойлгогдсон. Яагаад гэвэл Засгийн газарт энэ талаарх хангалттай төлөвлөгөө, хийж байгаа ажлууд байна. Магтаал биш шүү, бодит байдлаа харж нүүр тулцгаая.
За, өрийн айдас холдсон. Холдуулж чаджээ. Тэгвэл валютын нөөцөө яаж нэмэгдүүлэх вэ, ам.долларын хомсдол үүсэх үү? Энэ “айлгах төлөвлөгөө”-нд бас хариу өгөх нь зүйтэй байх. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”, “Боомтуудын сэргэлт” гэдэг зүйлд ихээхэн анхаарал тавиад байна. Өөрөөр хэлбэл Эрээний боомтыг хаачихаар эдийн засаг зогсчихдог байдлыг арилгаж “аянгыг зайлуулах”, бусад боомтоо сэргээхэд анхаараад байгаа хэрэг л дээ. Энэ нь экспортыг нэмэгдүүлэх, ам.долларын орох урсгалыг зогсоохгүй байхтай холбоотой юм.
Дайны, ковидын, хилийн саадын энэ цаг үед өрийн хэмжээ нь чамлахааргүй хэмжээгээр буюу 2020 онд 62.3 хувь байснаа 2021 онд 50.8 хувь болж бараг 10 хувиар буурсан. Энэ үзүүлэлт болон боомтын сэргэлт, экспортын нөхцөл байдал олон улсын зээлжих зэрэглэл тогтоодог байгууллагуудыг дүгнэлтээ гаргахад эерэг дохио өгсөн гэж үзэж болно. Жилийн өмнө л хэн ч таагаагүй дайны нөхцөл байдал ковидын дараах болон дахин яахыг таашгүй нөхцөл, хэзээ ч нүүрлэж мэддэг хилийн хориг саадыг мэдсэн мэт урьдчилж харж 2022 онд төлөх байсан өрийн хугацаанд зохицуулалт хийснийг болон энэ амаргүй цаг үед FATF-ын хар, саарал жагсаалтад орохгүй, ОУВС-ийн өргөтгөсөн хөтөлбөр мэтэд орчихооргүй нөхцлийг бүрдүүлж ажилласан ХЗДХЯ, Монголбанк, Сангийн яамыг ч сайн ажилласныг бодитойгоор үнэлж дүгнэх нь зүйтэй болов уу. Энэ бол гэнэт юу ч тулгарсан хүлээж авахад улсаа сөхрөөчихгүй байх нөхцөл боломжийг бүрдүүлчихээд байгаа хэрэг. Товчхондоо “Өрийн дефольтод орохгүй байх” хамгаалалтаа хийчихсэн баримтуудыг л нэмэр чимэггүй хүргэлээ.