Монгол уран бүтээлчдийн хийсэн “Трио” кино 2022 оны 10 дугаар сард болох 38 дахь удаагийн Варшавын олон улсын кино наадамд уригдсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Дэлхийн А зэрэглэлд тооцогддог Варшавын кино наадмын чансаа Канн, Венец, Берлин, Локарно, Сан Себастиан, Карлови Вари, Токио, Москва, Монтреал, Гоа, Таллин, Шанхай, Каир, Мар Дел Плататай зэрэгцдэг төдийгүй “Кино продюсерүүдийн олон улсын холбоо”-ны элит наадамд албан ёсоор тооцогддог аж.
“Трио” кино Варшавын олон улсын кино наадамд танилцуулагдахаар сонгогдсон Монголын хамгийн анхны уран бүтээл болж байгаа төдийгүй дэлхийн шилдэг уран бүтээлчидтэй нэг тайзан дээр өрсөлдөхөөр шалгарч, уг киноны найруулагч Д.Баттөмөрийг Варшавын олон улсын кино наадам албан ёсоор урьсан юм.
Үүнээс гадна тус бүтээл ирэх 10 дугаар сард АНУ-д болох “Palm springs international down syndrome film festival”-ийн International spotlight film selection-д оролцохоор шалгарч, 10 дугаар сарын 8-нд энэхүү олон улсын наадмын дэлгэцнээ гарахаар сонгогджээ.
“Хэнийг ч ардаа бүү үлдээ” гэдэг хүчтэй мессежийг дэлхийд өгөх зорилготой “Трио” уран бүтээл дауны синдромоор дамжуулан монголизм, монголойд зэрэг үгсийг зүй бусаар олон улсад хэрэглэж буй бүдүүлэг байдлыг халах, Монгол ёс, уламжлалыг дэлхий нийтэд таниулах, түүгээр дамжуулан Монгол орны байгалийн үзэсгэлэнт газруудыг дэлхийд сурталчлах, дауны хам шинжтэй хүмүүсийн эрхийг хамгаалах, дэлхий даяар тэгш хүртээмжтэй нийгмийн цогцлоохын тулд олон улсад зөв ойлголт өгөх, цаашилбал Монгол үндэстний ижилсэл ба ялгарлыг дэлхийд таниулах зорилготой уран бүтээл юм.