Хятадын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монголд хийх айлчлал болон Тайванийн хоолойн бүсэд үүссэн хямралт байдлын талаар хятад судлаач Х.Баатархүүтэй ярилцлаа.
-БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И ойрын хугацаанд манай улсад айлчлах товтой байгаа. Энэ удаагийн айлчлалын онцлог, хүлээлтийг юу гэж харж байна вэ?
-Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлал ойрын хугацаанд болно гэсэн хүлээлттэй байна. Ардын хувьсгалын 100 жилийн ойн дараахан ирж байгаа анхны гадаадын хүндэт зочин Ван И сайд болж байгаа. Монголын хувьд хуучны анд нөхөд гэж хэлж болно.
Гадаад хэргийн сайдын хувиар 2018 оны наймдугаар сард, 2020 оны намар манай улсад албан ёсны айлчлал хийж байсан. Түүнээс өмнө дэд сайд, сайд хийж байхдаа 2003, 2014 онд төрийн айлчлалд багтаж Монголд ирж байсан түүхтэй. Манай хоёр улс ойр зэргэлдээ хөрш орны хувьд улс, нийгэм, эдийн засгийн харилцаа их өргөн.
Стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаатай учраас энэ удаагийн айлчлалыг нэлээн чухалчилж үзэж байгаа. Энэ жилийн хувьд урд хөршөөс хийгдэх хамгийн том айлчлалд тооцогдож буй учраас хоёр орны стратегийн иж бүрэн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, харилцан ойлголцол улс төрийн итгэлцлийг гүнзгийрүүлэх, бүх салбарын хамтын ажиллагааг урагшлуулах, бүс нутаг олон нийтийн харилцааны холбогдолтой өргөн хүрээний асуудлаар ярилцах чиглэл, хүлээлт байна.
-Хятад, Монголын харилцааны талаар сонирхон судалж нийгэмд дуу хоолойгоо хүргэдэг хүний хувьд төрийн томоохон айлчлалаар ямар асуудлуудыг шийдвэрлэх бол?
-Энэ удаагийн айлчлалаар яригдаж болох эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр гурван сэдвийг хөндөж ярих нь зүйтэй. Нэгдүгээрт, эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт буюу Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц бий. Баруун бүсийн эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг барихаар тэртээ 1964 оны үед ЗХУ-ын мэргэжилтнүүд судалгаа хийж байсан юм билээ. Ингээд 2015 оноос төслийн нэгж байгуулж, 2018 онд Монгол Улсын Засгийн газар шийдвэр гаргасан байдаг. Улмаар БНХАУ-аас Монголд олгох хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр болж 90 мегаваттын хүчин чадалтай, жилд 360 сая Квт цаг цахилгаан үйлдвэрлэх боломжтой төслийг 271 сая ам.доллараар бүтээн байгуулахаар болж барилга угсралтын ажил 61 сарын хугацаанд үргэлжлэхээр болсон. Энэ бүтээн байгуулалтыг эхлүүлэх, мөн санхүүжилтийн асуудлыг эцэслэн шийдвэрлэхэд Ван И сайдын айлчлал чухал үүрэгтэй.
Баруун бүсийн импортын цахилгааны хэрэглээг тэглэж ногоон эрчим хүчээр бүрэн хангах, төсвөөс олгодог татаасыг арилгах, байгаль орчинд ээлтэй цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх, цаг уурын өөрчлөлттэй тэмцэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах гээд маш том хэмжээний төсөл болж байгаа. Барилга угсралтын үеэр 800-1000 хүн, ашиглалтад орсны дараа 80-100 хүнийн байнгын ажлын байраар хангана гэж тооцож байна.
Айлчлалын үеэр яригдах бас нэг томоохон шийдэл бол Багануурын цахилгаан станцыг барьж байгуулах асуудлыг эцэслэх тал дээр хоёр тал ажиллаж байгаа. Цахилгаан станцыг барьж ашиглах, шилжүүлэх нөхцөлтэйгээр 634.1 сая ам.долларын өртөгтэйгээр барихаар БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани ажиллах юм билээ. Үүнд хоёр орны хамтарсан томоохон төслийн нэгжүүд анхаарч байгаа. Айлчлалын үеэр Багануурын цахилгаан станцыг эцэслэх, барилга угсралтыг эхлүүлэх улс төрийн болон эдийн засгийн шийдэлд хүрнэ. Мэдээж төсөл амжилттай хэрэгжих юм бол эрчим хүчний салбарт маш том шинэчлэл, үр өгөөж авчрах учраас Засгийн газар, Эрчим хүчний яам айлчлалыг угтаж нэлээн бэлтгэл ажил хийж байгаа байх.
-Цар тахлын үед хилийн боомтын асуудал нэлээд хүндрэлтэй байлаа. Одоо ч гэсэн ачаа тээвэрлэлтийн хумигдмал хэвээр байна. Ван И сайдын айлчлалаар ахиц шийдвэр гарах, дараагийн алхам хийх болов уу?
-Нийгэм даяар хүлээж байгаа зүйл бол хилийн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэх. Дэлхий дахиныг хамарсан цар тахлын нөлөөгөөр эдийн засаг удааширч, ялангуяа урд хөрштэйгээ худалдаа эдийн засгийн харилцаа өргөн ийм үед хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал их хэмжээгээр саарсан. Өнгөрсөн хугацаанд Хятадын төв Засгийн газарт олон удаагийн хүсэлт тавьж орон нутгийн мэргэжлийн байгууллагуудтай ажиллаж ирсэн. 2020 онд Ван И сайдын айлчлалаар Монгол, Хятадын хилийн боомт тэдгээрийн дэглэмийн хэлэлцээрт өөрчлөлт оруулахдаа нэмж төмөр замын гурван боомтыг нээх шийдвэр гаргасан. Ингэснээр эрдэс баялгийн экспорт, дамжин өнгөрөх тээвэр нэмэгдэнэ гэж үзэж байгаа. Энэ оны хоёрдугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчлахдаа хилийн боомт тээвэр ложистикийн талаар ярилцсан асуудлуудыг энэ удаагийн айлчлалаар албажуулж гарын үсэг зурах хүлээлттэй байна. Хоёр улсын хамтын ажиллагааг хэвийн өрнүүлэхэд дээд түвшний айлчлал, яриа хэлэлцээг аль болох боломжит хэлбэрээр үргэлжлүүлэх хүрээнд хоёр улсын хилийн боомтод хуучин ногоон гарцыг нээж зорчих урсгалыг нэмэгдүүлэх, хуурай замын боомтуудын үйл ажиллагааг өргөжүүлье гэсэн хүсэлтийг манай талаас тавьсан.
БНХАУ-тай 2021 онд 10.2 тэрбум ам.долларын худалдаа хийсэн нь манай улсын нийт гадаад худалдааны 60 хувь. 2022 он гараад хэдийгээр хил, гаалийн нөхцөл байдал таатай биш байсан ч эхний хоёр сард 45 улстай экспорт хийснээс 73 хувь нь урд хөрш рүү гарч 29 хувиар нэмэгдсэн байгаа. Тодруулбал, 860 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна. Энэ хурдаараа нүүрсний экспортоо нэмэгдүүлээд явбал цар тахлын үед буурсан эдийн засгийн алдагдлаа нөхөхөд ихээхэн дэмжлэг болохоор харагдаж байгаа. Ялангуяа, Бичигт, Баянхошууны боомтыг экспортын бараа бүтээгдэхүүнд зориулж ашиглах асуудлыг айлчлалаар ярих байх. Төмөр замын тээврийг эхлүүлэх бэлтгэл ажил ч бий.
Ван И сайдын айлчлалаар эдгээр томоохон яриа хэлэлцээнээс гадна шийдлээ хүлээсэн бусад асуудал бий. Магадгүй шийдэгдэхгүй, аль эсвэл тал хувийг нь ч гэсэн урагшлуулах асуудал дунд Монголбанк, Ардын банк хоорондын своп хэлэлцээрийг сунгах, махны экспортыг нэмэгдүүлэх, транзит тээврийн нэр төрөл, хэмжээг өсгөх, барилгын салбарын задгай болон зорчигч тээврийн асуудлыг хөндөж тавих болов уу. Тэр дундаа хоёр талд коронавирусын халдвар намжмал байгаа үед импортын ачаа тээврийн талаар ярилцах, дараагийн алхмыг хийх боломж гарна гэж харж байна. Мөн гурван орны төрийн тэргүүн нарын дараагийн уулзалтын товыг тогтоох болов уу гэсэн таамаглал бий. Энэ бол өнөөгийн олон улсын нөхцөл байдалд чухал ач холбогдолтой үйл явдал гэж харж байна.
-Дэлхийн улс төр, геополитикийн нөхцөл байдал цаг, минут тутамд өөрчлөгдөж улам тааварлашгүй болж байна. Үүний тод жишээ бол АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосигийн Тайваньд хийх айлчлал байлаа?
-АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосигийн Азийн орнуудаар хийж байгаа айлчлал Монголын цагаар өчигдөр /уржигдар/ эхлээд Сингапур, Малайз, Индонези, Өмнөд Солонгос, Япон гэсэн маршруттай товлогдсон. Айлчлал эхлэхээс долоо хоногийн өмнөөс АНУ, Хонгконг, Тайванийн хэвлэлүүдээр парламентын спикер Тайваньд очиж магадгүй гэж мэдээлсэн. Үүнд БНХАУ-ын зүгээс хийсэн хариу мэдэгдлээс харахад хоёр орны улс төрийн хямрал эхэлчихлээ. Энэхүү нөхцөл байдлын тайлал нь өнөөдөр /өчигдөр/ үдээс хойш эхлэх нь.
Дэлхий нийтээр шуугиж байгаа ч энэ бол цоо шинэ зүйл биш. 1997 онд АНУ-ын төлөөлөгчдийн танхимын тэргүүн Newt Gingrich Тайваньд нэг хоногийн хугацаатай айлчилсан. Тухайн үед улс төр, цэргийн томоохон хямрал үүсч байлаа. Тайванийн хоолойн хоёр эрэг буюу Тайвань, Хятад хоорондын цэргийн болоод улс төрийн энэ удаагийн хямрал бол үндсэндээ дөрөв дэх нь гэж хэлж болно. 1954-1955, 1958, 1961-1967 онд гурав дахь нь болсон.
Мөн 1997 оны айлчлалыг гурав дахь хямралд тооцож үздэг. Харин дөрөв дэх буюу энэ удаагийнх нэлээн өргөн глобаль нөхцөл байдал бий болгож байна. Дэлхий нийтээр нэгнээсээ харилцан хамааралтай эдийн засагтай болсон үед ийм зүйл болж байгаа нь харамсалтай. Хувь судлаачийн зүгээс даян дэлхийд үргэлж энх тайван байгаасай. Энх тайвныг сахин хамгаалахад дэлхийн бүх улс орон дуу хоолойгоо өргөөсэй гэж боддог. Хямралт байдлаас хоёр тал зайлсхийгээсэй гэж туйлаас хүсч байна. Дайн, цэргийн үйл ажиллагаа ямар ч улс оронд үр ашиггүй зүйл.
БНХАУ-ын зүгээс байр сууриа маш тодорхой, хатуу илэрхийлж байна. Биднийг ярилцаж байх зуур Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл хийж байна. Мэдэгдэлд “АНУ-ын парламентын спикер Тайваньд газардах л юм бол тэр цагаас эхлээд БНХАУ АНУ-ыг дайсан гэж үзнэ” гэсэн байна.
Судлаачийн хувьд аль нэг тал буруутай гэхээс илүү тусгаар тогтносон улсын дотоод хэрэгт АНУ-ын зүгээс оролцож байгаа нь буруу жишиг гэж харж байгаа. Тайвань бол Хятадын салшгүй нэг хэсэг гэдгийг дэлхийн бүх улс орон мэднэ. Тэр дунд АНУ өөрөө ч гурван удаа батлан илэрхийлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Тайванийн тусгаар тогтнолыг хэзээ ч дэмжихгүй. Нэг-Хятад бодлогыг дэмжинэ гэдгээ илэрхийлж байгаа хэрнээ өнөөдрийн нөхцөл байдалд хүрнэ гэдэг харамсалтай.
-АНУ, Хятадын олон жил үргэлжилсэн зөрчилдөөний шалтаг нь Тайвань боллоо гэж өнцөг ч бий?
-АНУ, БНХАУ хоёр эдийн засгийн маш өргөн харилцаатай. Хоёр улсын жилийн худалдааны эргэлт 600 тэрбум ам.доллар байдаг. Эдийн засаг нэгнээсээ нягт харилцан хамааралтай явж ирсэн. Харин улс төрийн байгууллын тухайд засаглалын онол, үзэл бодол таарч тохирохгүй учраас үл итгэх нөхцөл байдал руу орж байдаг. Магадгүй үүнээс болж АНУ-ын үе үеийн удирдагчдын хувийн амбиц, геополитикын энх тайванч бус үйлдэл өнөөгийн хямралт нөхцөл байдал руу түлхэж оруулсныг үгүйсгэхгүй.
Тавхан минутын өмнө Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Вашингтонд хурал хийхдээ “Бид Тайванийн тусгаар тогтнолыг дэмжихгүй. Нэг Хятадын бодлогыг дэмжинэ. Гүйцэтгэх засаглалын хувьд парламентын буюу хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох боломжгүй. Тиймээс энэ удаагийн айлчлалыг зогсоож чадахгүй” гэсэн мэдэгдлийг хийлээ. Үүнээс харахад нэг улс дотор дахиад хоёр улс байгаа юм шиг ойлгомжгүй л нөхцөл байдлыг АНУ бий болголоо. Хятад их газрын, АНУ далайн гүрэн гэдэг утгаараа үргэлж нэг нэгэн рүүгээ тулгарч байдаг геополитикийн шилжилт байх гэж харж, найдаж байна.
-Нэнси Пелоси Тайваньд айлчлах цаад шалтгаан юу юм бол. Айлчлалын уур амьсгалаас харахад цаашид нөхцөл байдал хэрхэх төлөвтэй байна вэ. Шинжээчид юу гэж харж байна вэ?
-Энэ оны хоёрдугаар сард Украинд Оросын цэргийн тусгай ажиллагаа эхлэх үеэс дэлхийн геополитикийн дэглэмж, жанжинлал өөр хандлага руу явах нь гэдэг зүйл яригдаж байсан. Сүүлийн 30 жил үргэлжилсэн нэг туйлт ертөнцөөс аажим аажмаар олон туйл руу тэмүүлж байна. Дэлхийн гуравдугаар дайн гэхээс илүү АНУ-ын зүгээс Тайванийг бамбай болгож орж ирж байгаа цэрэг дайны хямралт байдлыг өөгшүүлэх хэрэггүй гэж судлаачид үзэж байна.
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин