Монголын сонгодог урлагийн шинэ залуу од, балетчин Ө.Мөнхжин БНСУ-ын олон улсын тэмцээнээс алтан медаль хүртлээ.
Өлзийжаргалын Мөнхжин нь 2010-2018 онд ОХУ-ын Пермь хотын Сонгодог бүжгийн сургуулийг балетын жүжигчин мэргэжлээр амжилттай суралцаж төгсчээ. Тэрбээр 2018 оноос Дуурь, бүжгийн эрдмийн театр /ДБЭТ/-т балетын жүжигчнээр ажиллаж байгаа юм.
Авьяаслаг залуу уран бүтээлч 2017 онд БНХАУ-ын Бээжин хотод зохион байгуулсан “IBCC 2017” тэмцээнээс “Тусгай байр”, 2019 онд ОХУ-ын Улаан-Үдэ хотод болсон “Орос-Япон Евро Азийн” балетын анхдугаар тэмцээнээс дэд байрын шагналыг тус тус хүртэж байжээ.
Ө.Мөнхжин ДБЭТ-ын тайзнаа П.И.Чайковскийн “Щелкунчик”, “Хунт нуур”, А.Аданы “Жизель”, И.Морозовын “Амттаны доктор” зэрэг бүтээлүүдэд гол дүрүүдийг бүтээсэн шилдэг балетчин билээ.
ДБЭТ-ын балетын гоцлооч бүжигчин Ө.Мөнхжин “Koria international ballet competition” тэмцээнд эх орныхоо төлөөлөн ийнхүү амжилттай оролцсон байна.