Япон улсад, ажлын 4 өдөрт шилжиж байгаа байгууллага, аж ахуйн нэгжүүдийн тоо өссөөр байна. Хамгийн сүүлд, тус улсын цахилгаан бараа үйлдвэрлэгч Панасоник компани, ажлын 4 өдөрт шилжжээ.
Өнгөрсөн 2021 онд, Японы засгийн газар, ажлын 4 өдөрт шилжихэд хувийн хэвшлийнхэд дэмжлэг үзүүлэх тухай бодлогын баримт бичгийг баталж байжээ. Өнгөрсөн оны байдлаар, Японы 8000 аж ахуй нэгжүүдийн дунд явуулсан судалгаагаар, 8,5 хувь нь ажлын 4 өдөрт шилжсэн тухай, хөдөлмөрийн яамнаас гарсан тайланд дурджээ.
Японы судалгааны байгууллагаас, 800 гаруй ажил олгогч дунд явуулсан судалгаагаар, 60 хувь, энэ шилжилтийг дэмжих боломжгүй гэж үзсэн байна. Харин Их Британийн Ридингийн их сургуулиас ажлын 4 өдөртэй 7 хоногт шилжсэн 500 компанийн дунд явуулсан судалгаагаар 66 хувь нь үйл ажиллагааны зардал буурсан гэж хариулжээ.
Мөн, 68 хувь нь ажилчдын сэтгэл ханамж өөдрөг, чадвартай ажилтан олж авах боломж нэмэгдсэн гэж хариулсан байна. Япон дахь Майкрософт компани ажлын 4 өдөртэй болсноор ажлын бүтээмж 40 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.
Зөвхөн ажлын бүтээмжээс гадна цаасны хэрэглээ л гэхэд 59 хувь, цахилгааны хэрэглээ 23 хувиар буурсан эерэг үзүүлэлтийг харуулжээ.