Хөвсгөл аймаг, Рэнчинлхүмбэ сум. Хөндий багийн “Хар-Усны сал” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 268 км-т, сумын төвөөс баруун зүгт 25 км-т/ “Шишгэд” голыг бирваазаар гатлаж байсан “Рав-4” загварын суудлын автомашины ивүүр нь мултарч, бирвааз дээрээсээ унасан. Жолооч нь автомашины бүхээгээсээ гарч чадсан боловч голын усанд живсэн тухай дуудлагыг 07.20-ны өдрийн 08:15 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очих явцад Рэнчинлхүмбэ сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтан, ар гэрийнхэн нь мөн өдрийн 11:24 цагт иргэн Д /43 настай, эрэгтэй/-гийн цогцсыг осолдсон газраас 25 метрийн зайнаас голын уснаас олж, гаргасан тухай мэдээллийг тус сум дахь Цагдаагийн хэсгээс аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн. Бүлэг мөн өдрийн 19:46 цагт очиж “Шишгэд” голын 7 метрийн гүнээс “Рав-4” загварын суудлын автомашиныг 22:08 цагт татан гаргаж, тус сум дахь Цагдаагийн хэсэгт хүлээлгэн өгсөн.