Долоодугаар сарын 21-ний өдрийн байдлаар Үүр, Эг, Зэлтэр голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-20 см нэмэгдсэн байна. Мөн Үүр, Хархираа, Улз, Халх голууд үерийн түвшинг 20-40 см даван үерлэсэн хэвээр байна.
Ойрын өдрүүдэд Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Булган, Төв аймгуудын нутгаар үргэлжилсэн усархаг бороо орох төлөвтэй байгаа бөгөөд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан голын усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх мөн жижиг гол, хуурай сайраар уруйн үер буух магадлал өндөр байна.
Иймд голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж голын эрэг хөвөө дагуу бууж сууршихгүй, бага насны хүүхдийг анхаарал халамжгүй голруу зориулалтын болон зориулалтын бус хөвөгч ашиглан орохгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна.
Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн
Гадаргын усны судалгааны хэлтэс