Цагдаагийн байгууллагад энэ сарын 20-ний өдрийн 20:20 цагт Төв аймгийн Лүн суманд хүүхэд алга боллоо гэх дуудлага бүртгэгдсэн байна. Хот хоорондын зорчигч тээврийн автобусанд ганцаараа явсан бага насны эрэгтэй хүүхэд уг автобусыг Лүн суманд зогсох үед алга болсныг мэдсэн зорчигч уг дуудлагыг цагдаад өгчээ.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгасаар маргааш нь буюу 21-ний 10:00 цагийн үед Баянгол дүүрэгт оршин суудаг 10 настай эрэгтэй Б-г тус сумаас урагш амьдардаг айлд байхад нь олсон байна.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Хотод амьдардаг 10 настай хүүгийн ээж сувилалд амрахаар явахдаа хүүхдүүдээ айлд үлдээсэн. Гэтэл хүү ээжийнхээ араас очихоор гараад явж. Тухайн үед хүүхдийг харж үлдсэн хүмүүс түүнийг явсныг мэдээгүй байсан. Харин хот хоорондын зорчигч тээврийн автобусанд хүүтэй хамт явсан зорчигч түүнийг Лүн суманд алга болсныг мэдээд цагдаад дуудлага өгсөн. Ямар нэгэн дарамт, хүчирхийллийн улмаас хүүг ганцаараа явсан байх вий гэж судалж үзэхэд тийм нөхцөл байдал тогтоогдоогүй” гэлээ.
Сурагчдын амралт үргэлжилж буй энэ үед хүүхдийг харгалзан хүнгүйгээр орхих, хамаатны айлдаа үлдээх, хөдөө айл руу явуулах зэрэг тохиолдол ихэсдэг. Үүнтэй холбоотойгоор эцэг эх, асран хамгаалагчид хоорондын харилцаа холбоогоо сайжруулж, хүүхдийг харгалзах хүнгүй үлдээх, ганцааранг нь зорчуулах зэрэгт хяналттай байж, хүүхдийг төөрөх, ахуйн осолд өртөхөөс сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.