Бидний амьдрал гэдэг тоо судлалтай нягт холбоотой үйл явдлуудын хэлхээ билээ. Тоон гайхамшиг I Умберто, Гай Юлий Цезарь, I Петр, Адольф Гитлер, Наполеон, Авраам Линкольн, Жонн Кеннедди, XVI Людовик болон олон олон улс төрийн зүтгэлтнийг ч зүгээр үлдээсэнгүй.
Италийн хаан болон рестораны эзэн
Италийн хаан I Умберто болон Монц хотын алдарт рестораны эзэн хоёр гадаад төрхөөрөө тун төстэй төдийгүй хоёулаа 1844 оны гуравдугаар сарын 14-нд нэг хотод төрцгөөжээ. Тэдний эхнэрүүд ижил Маргарита хэмээх нэртэй байсан аж. Ингээд тэдний төстэй талууд дуусахгүй. Рестораны эзэн ресторанаа нээдэг өдөр хаантан хаан ширээгээ залгамжилж авч байсан аж. 1900 онд хаан болон түүний “ихэр” галт зэвсгэнд санамсаргүй дайруулан амиа алдсан юм.
Хоёр эзэн хаан
Гай Юлий Цезарь болон I Петр хаан нар бол түүхэнд улсынхаа эзэн хаан гэж өөрсдөө зарласан анхны хүмүүс юм. Юлий Цезарь НТӨ 40-өөд онд шинэ тоолол гарган ирж, шинэ жилийг нэгдүгээр сарын 1-нд тэмдэглэхээр болгож байв. Харин I Петр хаан бас л шинэ жилийг нэгдүгээр сарын 1-нд тэмдэглэж байх зарлиг гаргажээ. Тэдний армийн хувьд хэлбэр нь тун төстэй. Юлий Ромын армийн штабт инженер албан тушаалыг гаргаж байсан бол I Петр хаан ч инженерийн дайчидтай Ерөнхий штаб байгуулж байсан гэдэг.
Агуу дарангуйлагчид
Дэлхийн алдарт хоёр дарангуйлагчийг 129 гэсэн нэг тоо нэгтгэдэг. Напеолеон 1760 онд төрсөн бол Гитлер түүнээс 129 жилийн дараа буюу 1889 онд мэндэлсэн аж. Напеолон 1804 онд Францын эзэн хаан болсон бол Гитлер 1933 онд Германы канцлер болжээ. Напеолеон 1812 онд Венад орж ирэхэд Гитлер 1941 онд очсон байдаг. Напеолон 1816 онд дайнд ялагдахад Гитлер 1945 онд ялагдсан түүхтэй. Хоёр дарангуйлагч хоёулаа 44 насандаа засгийн эрхэнд гарсан байна. Тэд хоёулаа 52 настайдаа Орос руу халдаж, 56 насандаа дайнд ялагдсан аж.
Авраам Линкольн ба Жон Кеннеди
Улс төрийн хоёр зүтгэлтний хувь заяа бараг 100 жилийн дараа яг ижилхэн байдлаар өрнөсөн байдаг. Авраам Линкольн 1860 онд Ерөнхийлөгч болсон бол Фицжеральд Кеннеди 1960 онд төрийн төргүүн болжээ. Сонирхолтой хоёр Ерөнхийлөгч хоёулаа ардчилагчид бөгөөд арьс өнгөний тэгш эрхийг хүсч байсан аж. Энэ л тэдний аминд хүрэх шалтгаан болжээ. Дашрамд дурдахад тэд хоёулаа олны нүдэн дээр, эхнэрүүдийнхээ дэргэд дагз руугаа буудуулж амиа алдсан гэнэ. Авраам Фордын театрт болох жүжгийн үзвэрийн үеэр амиа алдсан бол Жон Кеннеди автомашин үйлдвэрлэгч “Ford”компанийн үйлдвэрлэсэн люкс ангиллын “Линкольн” лимузинтэй явж байгаад буудуулсан. Үүгээр тайлагдашгүй явдал дуусахгүй. Учир нь 100 жилийн зайтай энэхүү аллагыг үйлдсэн этгээдүүдийн хувь заяа ч ижилхэн байжээ. Линкольныг хөнөөсөн Жон Бут, Кеннедиг хөнөөсөн Ли Харви Освальд нар мөн л АНУ-ын өмнө зүгт 100 жилийн зайтай төрцгөөсөн байна. Хоёр алуурчин шүүхийн ял шийтгэл сонсож чадаагүй амиа алдацгаасан юм.
Францын хаан
XVI Людовик хааны амьдралд тохиосон хар зурвас 21 гэсэн тоотой холбоотой байжээ. Францын хаан энэ өдрүүдэд чухал шийдвэр гаргахгүй байхыг хичээдэг байсан ч энэ нь түүнд тус болоогүй юм. 1791 оны зургаадугаар сарын 21-нд хаан, хатан хоёр улс орноосоо нууцаар гарах гэж байгаад баривчлагдсан. 1792 оны зургаадугаар сарын 21-нд түүнийг хаан ширээнээс түлхэн унагасан бол 1793 оны нэгдүгээр сарын 21-нд хааныг олны өмнө цаазлан хороосон байна.
Эх сурвалж: zen.yandex.ru