Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын “Жаргалантын-Адаг” гэдэг газар иргэн С автомашинтай гараад алга болсон тухай дуудлага даваа гаргийн 21:00 цагт ОБГ-т иржээ.
Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 18 км замыг туулан 22:55 цагт очиход Дорноговь аймгийн Замын-Үүд сумын харьяат иргэн С /65 настай, эмэгтэй/-ийн унаж явсан “Приус-20” загварын суудлын автомашин Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг “Лүдэг”-ийн голын шаварт суусан байжээ.
Иргэн С автомашин дотроо байгаагүй тул эрэн хайх ажиллагааг 07.18-ны өдрийн 22:55 цагаас эхлүүлж мөн өдрийн 00:50 цагт түр зогсоосон.
07.19-ний өдрийн 07:40 цагаас Цэнхэрмандал сумын Согоот багийн “Жаргалантын-Адаг” гэдэг газраас тус сумын Нугаар багийн “Аягын-Амны гарам” гэдэг газар хүртэл “Хэрлэн” голын усаар 34 км завиар урсаж, явганаар болон автомашинтайгаар 40 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 17:19 цагт автомашинаас нь урд зүгт 30 км-т, Нугаар багийн “Аягын-Амны гарам” гэдэг газар “Хэрлэн” голын уснаас цогцсыг олж гарган Хэнтий аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн байна.
Мөн Баян-Өлгий аймаг, Толбо сум. “Толбо нуур” багийн Толбо нуур /аймгийн төвөөс баруун зүгт 45 км, сумын төвөөс зүүн зүгт 35 км/-т 1 хүн сэлж байгаад осолдсон тухай дуудлагыг 07.19-ний өдрийн 13:30 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын, Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид Баян-Өлгий аймгийн Толбо сумын харьяат иргэн Е /28 настай, эрэгтэй/-ын цогцсыг нуурын эргээс 1 м зайд усанд хөвж байсныг олж гарган аймгийн Нэгдсэн Эмнэлгийн түргэн тусламжийн тасаг, Цагдаагийн газарт шилжүүлэн өгчээ.