Сүхбаатар аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн санаачилгаар аймгийнхаа 80 жилийн ойд зориулан Бурхан багшийн хөшөөний бүтээхээр болжээ. Улмаар хөшөөнийхөө шүншигийг шинийн 15-ны билэгт сайн өдөр өргөж, хөшөөг залсан байна. Хөшөөний нээлт аймгийн 80 жилийн ойг тэмдэгдэх өдөр буюу энэ 29-нд болох юм байна. Түүнээс наана тохижилтын ажлыг нь хийж байгаа ажээ.
Хөшөөг цагаан гантиг чулуугаар бүтээсэн бөгөөд 12.2 метрийн өндөртэй, 180 тонн жинтэй юм байна. Уг хөшөөг СТА сийлбэрчин Ц.Энхтайван, Д.Ганзориг, Н.Алтаншагай, Б.Батбаяр, Э.Олонтүлхүүр нар хамтран урлажээ.
Хамаг амьтныг гэгээрүүлэх номыг номлон энэрэл нигүүлслээр авран тэтгэхийг соёрхож буйг бэлгэдсэн бурхан багшийн дүрийг залсан цэцэрлэгт хүрээлэнг Баруун-Урт сумын Дөрвөлж толгойд байгуулж, аймгийнхаа түүхэн ойг тохиолдуулан нутгийн зон олондоо өргөн барьж буй гэдгээ төслийг санаачлагч, Нутгийн зөвлөлийн тэргүүн У.Отгонбаяр хэлжээ. Бурхан багшийн хөшөө бүхий цэцэрлэгт хүрээлэн нь нийт нэг тэрбум гаруй төгрөгийн өртөгтэй бөгөөд аймаг орон нутгийн төсвөөс нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй юм байна.