БНСУ-ын Дэгү хотын Монголчуудын холбооноос 10 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй “Нарлаг Монгол” наадам долдугаар сарын 16-ны өдөр өргөн дэлгэр болов.
Наадмын үеэр үндэсний бөхийн барилдаан, гар барилдаан, шагайн харваа, тэвэг, олс таталт, сагсан бөмбөг, гүйлтийн тэмцээн болж, сайхан монгол дээлтэн шалгаруулж, “Түмэн эх” чуулгын уран бүтээлчид болон дуучин Н.Идэрмөнх “Одод ширтэхийг хүснэ” тоглолтоо сонирхууллаа.
Үндэсний бөхийн барилдаанд Н.Амарсайхан, Д.Ядмаа, хүүхдийн барилдаанд Д.Мөнхномт, Т.Ивээл, гар барилдаанд Д.Отгонмөнх, Б.Отгонбямба, тэвэгний тэмцээнд н.Лхагвадорж Ө.Баярсайхан, олс таталтад эрэгтэй багуудаас Жилян, Нэйл, эмэгтэй багуудаас Бөөрөнхий Чонжу, Жилян, 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд “Shiva brothers”, “Том Гуанжу”, “Зүүн хорин гурав”, шагайн ганцаарчилсан цуваа харвааны төрөлд Ж.Гантулга, М.Амарбаясгалан, Н.Баасанзориг, багийн төрөлд “Их өв”, “Салхит”, “Чингис хаан таун” багууд тэргүүлэв.
Наадмын нээлтийн ажиллагаанд Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Э.Сарантогос, Пусан дахь Консулын үүрэг гүйцэтгэгч Ц.Өнөрзаяа, БНСУ-ын талаас Үндэсний Ассамблейн гишүүн Хун Сог Жүн, Тэгү хотын Дальсо дүүргийн Засаг дарга И Тэ Хүн, Дальсо дүүргийн ИТХ-ын Дэд дарга И Ёнг Э, төлөөлөгч Хван Сүн Жэ, Хо Ши Ён нарын хүндэт зочид оролцсон юм.
Элчин сайд Э.Сарантогос “Нарлаг Монгол” наадамд дэмжлэг үзүүлсэн, БНСУ дахь монгол иргэдийн төлөө сэтгэл зүрхээ зориулан ажилладаг Дэгү Кёнгбүк олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Солонгос, Монголын холбооны дарга Ким Жун Ху, Кеймён их сургуулийн ерөнхийлөгч Шин Ил Хи, Тэгү хотын Махай цагаачлалын төвийн дарга И Сү Чань, Солонгосын цагаачдын боловсролын төвийн захирал Жон Ын Жэ, Солонгос, Монголын соёлын хамтын ажиллагааны нийгэмлэгийн дарга У Сэ Голь нарт ЭСЯ-ны талархлын бичгийг гардуулан өгөв.
Эх сурвалж: Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ