Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөөх газарт иргэдийн зүгээс ирүүлсэн гомдлын дагуу Стандарт, хэмжилзүйн газартай хамтран шатахуун түгээх газруудын АИ-92 автобензиний түгээгүүрийн хошууны шахалт (дутуу шахалт)-ын хэмжээнд хяналт шалгалт хийжээ.
Уг шалгалтад Баянзүрх дүүргийн VIII хороонд байрлах “Петровис ШТС-23”, XI хороонд байрлах “Тэс петролиум ШТС-91”, XII дугаар хороонд байрлах “МТ ШТС-14”, “Жаст ойл ШТС-11”, “Шунхлай ШТС-14”, Налайх дүүргийн I хороонд байрлах “МТ ШТС-152” шатахуун түгээх станцуудыг тус тус хамруулсан байна.
Ажлын хэсгээс “Чулуун овоонд байрлах “Петровис” ШТС-аас АИ-92 автобензин худалдан авахад 45 литр ордог банкинд 48 литр бензин орсон гэж худал хэлж хий шахсан гэх иргэний гомдлын дагуу шалгалт хийсэн байна. Шалгалтаар АИ-92 автобензин MNS 3015:2014 стандартын дагуу зөрчил илрээгүй аж. Мөн “Магнай трейд”, “Шунхлай”, “Петровис”, “Тэс петролиум” компаниудын ШТС-уудад хяналт хийхэд шатахууныг заасан хэмжээнд бүрэн шахаж байсан бөгөөд ямар нэг зөрчил дутагдал илрээгүй” гэсэн дүгнэлтийг гаргажээ.