УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн хамаарал бүхий “Хурд групп”-ийн охин компани болох “Говь ресурс хилл” компани богд уулын аманд зөвшөөрөлгүйгээр орон сууцны хороолол барьж байгаа асуудал хөндөгдөөд байна. Гэвч энэ асуудалд анхаарал хандуулж байгаа албаны нэг ч хүн байхгүй байгаа юм. Энэхүү орон сууцны хороолол нь хэний зөвшөөрлөөр ийнхүү баригдаж байгаа нь тодорхой бус байгаа талаар Focus.mn сайт газар дээрээс нь хоёр ч удаа сурвалжилга бэлтгэн олон нийтэд түгээгээд байна. Ямартай ч УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн албан тушаалаа урвуулан ашиглаж, ийнхүү том толгойлон орон сууцны барилга барьж байгааг үгүйсгэх аргагүй.
“Хурд грүпп”-ын Раппид хорооллын барилгын хана нурсан, барилгын хана тааз цууралт үүссэн байгаа асуудал олны анхааралд өртөж, тухайн грүппийн барьсан барилга үнэхээр чанартай баригдаж чадаж байгаа эсэх нь эргэлзээтэй байгаа үед бүр зөвшөөрөлгүйгээр дархан цаазат газарт 2000 айлын орон сууц барьж байгаа нь зүйд хэр нийцэх бол!?
Ер нь бол Барилгын чанар эргэлзээтэй барилгын компаниудаар цаашид орон сууц бариулж олон мянган хүний эд хөрөнгөөр наадаад байх шаардлага байхгүй. Энэ асуудал Барилга хот байгуулалтын яамны холбогдох албан тушаалтнууд болон Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газар ч гэсэн анхаарах хэрэгтэй байгаа юм.
Харамсалтай нь Б.Чойжилсүрэнгийн хамаарал бүхий “Хурд групп”-ийн охин компани болох “Говь ресурс хилл” нь уг орон сууцны барилгын эскиз, зураг төслөө Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраар батлуулаагүй гэх мэдээлэл байгаа юм. Орон сууцны хороолол баригдаж байгаа Хан-Уул дүүргийн 11-р хороо, Богд хан уулын дархан цаазат газрын Ар зайсангийн ам буюу нийслэлчүүдийн сайн мэдэх “Дугуй цагаан”-ны ард, зайсан толгойн урд талын 8,8 га энэхүү газар 2011 оны 06 сарын 15-ны өдрийн БОАЖСайд тушаал гаргаж зөвшөөрөл олгосон байдаг.
Тухайн үед БОАЖСайдаар Л.Гансүх ажиллаж байсан байна.
Ийнхүү газрын зөвшөөрлийг олгохдоо “8,8 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар ашиглахыг зөвшөөрсөн” газар ашиглах зөвшөөрөл гаргасан байна. Нэг үгээр хэлбэл уг газарт сургууль, цэцэрлэг, аялал жуулчлалын цогцолбор барих зөвшөөрөл олгосон байдаг байна.
Тухайн газар “Хүмүүн нэртэй” сургууль цэцэрлэгийн барилга бол баригдсан байгаа юм. Сургууль цэцэрлэгийн барилга нь баригдсан хэдий ч дотор засал нь дуусаагүй. Гэхдээ тухайн сургууль цэцэрлэг нь хэдэн хүүхдийн багтаамжтай вэ гэдэг нь тодорхой биш байна. Харин үлдсэн талбайд нь орон сууцны барилга барьж байгаа үйлдэл нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, дүрэм журмыг ноцтой зөрчсөн үйлдэл болж байна.
Энэхүү хууль зөрчсөн барилга байгууламжтай холбоотой сурвалжилгыг доорх линкүүд дээр дарж, дэлгэрэнгүй үзнэ үү.
1. Дугуй цагааны ойролцоо 18 давхар 16 блок орон сууцны хороолол баригдаж байна
2. Барилгын талбай дээрээс
Барилга, байгууламж нь асар их хөрөнгө мөнгөөр босож байдаг. Тиймээс энэ мэт хууль бус үйлдлийг их хэмжээний хөрөнгө мөнгө зарахаас нь өмнө таслан зогсоож, асуудлыг цэгцэлж байх шаардлагатай байна. Яаралтай арга хэмжээ авч, барилгын ажлыг зогсоохгүй бол асар их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулсныхаа дараа зөвшөөрлийг шүүхийн байгууллагаар шийдүүлж, гаргуулах асуудал яригдахыг ч үгүйсгэх аргагүй.
Н.ЧИНЗОРИГ
1 comment
Энэ мэтийг л буудах бсын