УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2022.07.05/ хуралдаан 11:04 цагт эхэлж, Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Аудитын дүгнэлтийг Үндэсний аудитын газрын Аудитын дөрөвдүгээр газрын захирал Я.Самбууням танилцуулав.
Тэрбээр, Төрийн аудитын тухай хуульд заасан Үндэсний аудитын газрын бүрэн эрхийн хүрээнд Төсвийн тухай хуулийн дагуу Төсвийн ерөнхийлөн захирагчдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийлээ.
Батлан хамгаалахын сайдын эрхлэх асуудлын хүрээний 91 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс 54 байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, 37 байгууллагыг аудитын түүвэрт хамруулсан.
Аудитад хамрагдсан байгууллагуудаас 47 байгууллагад “Зөрчилгүй”, зургаан байгууллагад “Хязгаарлалттай”, нэг байгууллагад “Сөрөг” дүгнэлт өглөө.
Аудитаар нийт 18.6 тэрбум төгрөгийн алдаа, зөрчил илрүүлснээс 3.4 тэрбум төгрөгийн 37 алдааг аудитын явцад залруулж, 3.4 тэрбум төгрөгийн 32 зөрчилд төлбөрийн акт тогтоож, 3.9 тэрбум төгрөгийн 44 зөрчлийг арилгах албан шаардлага хүргүүлж, 7.8 тэрбум төгрөгийн алдаа, зөрчлийг давтан гаргахгүй байх 91 зөвлөмж өгч, найман байгууллагад хариуцлага тооцуулах албан шаардлага хүргүүлсэн байна.
Гадаад харилцааны сайдын эрхлэх асуудлын хүрээний 54 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс 49 байгууллагыг аудитын түүвэрт хамруулан шалгаж, таван байгууллагад “Зөрчилгүй” дүгнэлт өглөө.
Аудитаар нийт 9.2 тэрбум төгрөгийн алдаа, зөрчил илрүүлснээс 8.5 тэрбум төгрөгийн 3 алдааг залруулж, 0.1 тэрбум төгрөгийн зөрчилд төлбөрийн акт тогтоож, 0.1 тэрбум төгрөгийн таван зөрчлийг арилгах албан шаардлага хүргүүлж, 0.5 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх 13 зөвлөмж өгсөн гэлээ.
Тус байнгын хорооны харьяа төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтэд үндэслэн цаашид Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах, төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулах, төсвийн ерөнхийлөн захирагчдын эрхлэх асуудлын хүрээний төсөвт байгууллага, төрийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр арга хэмжээ, хөрөнгө оруулалтад тавих дотоод хяналтыг сайжруулах асуудалд анхаарч ажиллах зөвлөмж өгчээ. Мөн Худалдан авах ажиллагаа болон Шилэн дансны тухай хуулийг бүрэн хэрэгжүүлэх, аудитаар өгсөн акт, албан шаардлага, зөвлөмжийг хэрэгжилтийг хангуулах, арга хэмжээг авч ажиллахыг анхааруулсан байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар цэргийн анги байгууллагуудад өнгөрсөн онд газрын төлбөртэй холбоотой хэдий хэрийн өр, авлага бий болсныг тодруулсан.
Батлан хамгаалах яамны ажлын хэсгээс хариулснаар, 2021 онд газрын төлбөрт 246 сая төгрөгийн төсөв баталсан аж. Харин хэрэгцээ нь 1.9 тэрбум төгрөг бөгөөд үүнтэй холбоотой аудитаар зөрчилтэй гэсэн дүгнэлт гарсан гэлээ.
Байнгын хорооны дарга Б.Баттөмөр, арилжааны банкны санхүүжилтээр төмөр зам барьж байгаа гэсэн мэдээлэл байгаа. Үүний санхүүжилт хаанаас гарч байгаа вэ. Хэдэн км төмөр зам барихаар гэрээ хийгдсэн, хэд нь баригдаад байгаа вэ. Концессын гэрээгээр гүйцэтгэсэн төсөл, арга хэмжээнд 2021 онд хэчнээн төгрөг төлсөн, 2022, 2023 онд хэдэн төгрөг төлөх вэ гэж асуусан.
Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын дарга Ч.Чимидсүрэн, 2021 онд концессын гэрээгээр гүйцэтгэсэн таван төслийн 266.2 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдсэн 2022 онд долоон төслийн 303 тэрбум төгрөгийн санхүүжих дүн төсөвт сууснаас гүйцэтгэл нь 60 гаруй хувьтай байгаа. Ондоо багтаан дуусгах төлөвлөгөөтэй байна. 2023 таван төслийн 216 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдэхээр урьдчилсан тооцоо гарсан гэсэн хариулт өгсөн.
Үндэсний аудитын газрын Аудитын дөрөвдүгээр газрын захирал Я.Самбууням, Засгийн газрын 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангийн урьдчилгаа данс хэсэгт “Эрдэнэс таван толгой” хувьцаат компани нь Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтэд 348.8 тэрбум, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын санхүүжилтэд 273.4 тэрбум, Тавантолгойн дулааны станцын төсөлд 5.7 тэрбум, Тавантолгойн нүүрс ачилт, ложистикийн төвийн санхүүжилтэд 81 тэрбумыг, “Таван толгой төмөр зам” ХХК Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын ажлын урьдчилгаанд 819.7 тэрбум төгрөгийн нүүрсийг гүйцэтгэгчид нийлүүлэн, үүнийг санхүүгийн тайландаа урьдчилгаа төлбөр гэсэн дансанд бүртгэсэн байна. Үүнийг аудитын тайланд бид тусгасан гэсэн хариулт өгсөн.
Эцэст нь Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр тогтов.
“Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор татварын гэрээтэй холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх тухай олон талт конвенц”-д нэгдэн орох тухай төслийг зөвшилцөв
“Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор татварын гэрээтэй холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх тухай олон талт конвенц”-д нэгдэн орох тухай төслийг зөвшилцөв.
Төслийн талаар Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар танилцуулав.
Сайд Б.мөнхбаатар, сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнуудад татвараас зайлсхийх, зугтах явдалтай тэмцэх, татварын суурийг хамгаалах чиглэлээр олон улсын хамтын ажиллагаа өргөжиж, эрчимтэй хөгжиж байна. Тухайлбал 2009 оны дэлхийн санхүүгийн хямралаас үүдэлтэйгээр “Их 7”-гийн санаачилгаар эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлын эсрэг “ВЕРS” олон улсын байгууллагыг байгуулсан. Улмаар “ВЕРS”-ийн зүгээс татварын суурийг хамгаалах, ашиг шилжүүлэх явдлын эсрэг 15 үйл ажиллагааны багц дүрмийг боловсруулсан. Одоогийн байдлаар 141 улс гишүүнээр нэгдэн ороод байна гэлээ.
Монгол Улсын хувьд Европын Холбооны татварын зорилгоор хамтран ажилладаггүй улс орнуудын жагсаалт буюу татварын саарал жагсаалтаас 2018 онд гарахдаа “ВЕРS”-ийн дүрэм журмуудыг хэрэгжүүлэх үүрэг, амлалтыг Европын Холбооны өмнө хүлээсэн. Үүний дагуу Монгол Улсын Засгийн газар 2018 оны нэгдүгээр сард “ВЕРS”-т 111 дэх гишүүнээр нэгдэн орж, түүний стандартуудыг 2019 онд дотоодын хууль тогтоомжид тусгасан. Хэдийгээр Монгол Улс дотоодын хууль тогтоомжийг олон улсын шаардлагад нийцүүлэн шинэчилсэн хэдий ч 1991-2003 оны хооронд бусад улс орнуудтай байгуулсан 26 хоёр талт давхар татварын гэрээнүүдийг ВЕРS-ийн 6 дугаар болон 14 дүгээр стандартад нийцүүлэх тухай Европын Холбоо болон Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын өмнө хүлээсэн үүргийн биелүүлэлт хүлээгдэж байна. Түүнчлэн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулсан Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны хамтарсан хорооны хурлын үеэр Европын Холбооны зүгээс татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор татварын гэрээтэй холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх тухай олон талт конвенцод нэгдэн орох шаардлагатай байгааг онцоллоо. Үүнийг хэрэгжүүлээгүй тохиолдолд татварын саарал жагсаалтад буцаж орох эрсдэл байгаа тухай мэдэгдсэн гэлээ.
Түүнчлэн “Татварын саарал жагсаалтад орсон Монгол Улс нь Европын Холбооны тогтвортой хөгжлийн сан, стратегийн хөрөнгө оруулалтын сангаас санхүүжилт, хөрөнгө оруулалт татахад хүндрэлтэй нөхцөл байдал үүсэх, хөрөнгө оруулалтын урсгал буурах, санхүүгийн гүйлгээнд тодорхой хэмжээний хязгаарлалт ирэх зэрэг сөрөг үр дагаврууд гарах юм байна. Тус конвенцод нэгдэн орсноор татвараас зайлсхийхийн эсрэг ерөнхий дүрмийг нэвтрүүлэх, төлөөний газар, ногдол ашиг, хөрөнгийн татвартай холбоотойгоор давхар татварын гэрээ ашиглан татвараас зайлсхийх, эрсдэлийг бууруулах, харилцан тохиролцох, үйл ажиллагааг идэвхжүүлэх зэрэг олон өөрчлөлтийг Монгол Улсад бусад улсуудтай байгуулсан 26 давхар татварын гэрээнд нэвтрүүлэх боломж бүрдэх аж. Ингэснээр Монгол Улсын давхар татварын гэрээнүүдийг урвуулан ашиглаж татвараас зайлсхийх, татвар шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх, татварын суурийг хамгаалах чухал ач холбогдолтой” болохыг сайд танилцуулгадаа дурдсан юм.
Эдийн засаг, Төсвийн байнгын хороо төслийг хэлэлцэн зөвшилцөхийг дэмжсэн байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Доржханд асуулт асуусан. Тэрбээр дээрх конвенцод нэгдсэнээр татварын саарал жагсаалтад орох эрсдэл хэрхэн буурахыг тодруулсан.
1991-2003 оны хооронд бусад улс орнуудтай байгуулсан 26 хоёр талт давхар татварын гэрээнүүдийг ВЕРS-ийн стандартад нийцүүлэх тухай Европын Холбоо болон Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын өмнө хүлээсэн үүрэг бий. Энэ 26 гэрээг нэг бүрчлэн засч шинээр байгуулах эсвэл Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор татварын гэрээтэй холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх тухай олон талт конвенцод нэгдэн орох замаар гэрээг шинэчлэх асуудлыг шийдвэрлэх боломжтой хэмээн Сангийн яамны ажлын хэсгээс хариулсан.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх конвенцид нэгдэн орохыг дэмжсэн бөгөөд Байнгын хорооны хуралдааны тэмдэглэл болон санал, дүгнэлтийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтов.
Олон улсын хөдөлгөөнт хиймэл дагуулын байгууллагын 1976 оны конвенцид 2008 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв
Мөн хуралдаанаар Олон улсын хөдөлгөөнт хиймэл дагуулын байгууллагын 1976 оны конвенцид 2008 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв.
Хуулийн төслийн талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар танилцуулсан.
Манай улс Олон улсын далайн байгууллага /ОУДБ/-д 1996 онд гишүүнээр элссэн бөгөөд Далайн хиймэл дагуулын олон улсын байгууллагын 1976 оны конвенц болон түүний 1981 оны протоколд 2011 онд нэгдэн орсон.
Далайн хиймэл дагуулын олон улсын байгууллага нь 1994 оны Ассамблейн хурлаараа байгууллагынхаа нэрийг солихоор шийдвэрлэж, “Олон улсын хөдөлгөөнт хиймэл дагуулын байгууллага” гэсэн нэрийг ашиглахаар болсон.
Олон улсын хөдөлгөөнт хиймэл дагуулын байгууллагын Ассамблейн 2008 оны 20 дугаар хурлаар тус конвенцод нэмэлт, өөрчлөлт оруулсныг баталж, 2008 оны 10 дугаар сарын 6-ны өдрөөс мөрдүүлэхээр тогтсон бөгөөд одоогийн байдлаар эх конвенцод нийт 104 улс нэгдэн орж, 2008 онд конвенцод оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 27 улс хүлээн зөвшөөрөөд байна гэлээ.
Энэхүү нэмэлт, өөрчлөлтөөр Далайн тээврийн гамшгаас хамгаалах дэлхий нийтийн системээс тавих хяналтыг сайжруулах, хөдөлгөөнт хиймэл дагуулын үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын хүлээх үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, Далайд хүний аюулгүй байдлыг хангах тухай 1974 оны олон улсын конвенцын 5 дугаар бүлэгт заасан хөлөг онгоцыг алсын зайнаас илрүүлэх, хянах системийн талаарх холбогдох заалтуудыг тусгасан аж.
Түүнчлэн осол болон гамшгийн үеийн холбооны тоног төхөөрөмжүүд, хөдөлгөөнт хиймэл дагуулын системийг далайн холбоо харилцаанд ашиглахдаа Далайн тээврийн гамшгаас хамгаалах дэлхий нийтийн системийн радио холбооны тодорхой шаардлагуудад нийцүүлэх зэрэг шаардлагуудыг нэмжээ.
Конвенцод оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон баталснаар Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ хэрэгжүүлэх, ОУДБ-ын аудитын зөвлөмжийг биелүүлэх, Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэлтэй хөлөг онгоцны аюулгүй байдлыг хангах, алсын зайнаас илрүүлэх, хянахтай холбогдсон харилцааг зохицуулах ач холбогдолтой гэлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Иргэд олон нийтээс Зам, тээврийн хөгжлийн яамны ажил, Дарханы замтай холбоотой маш их гомдол, санал ирж байна. Энэ хэзээ эхэлсэн төсөл билээ, хэдэн жил үргэлжилж байна. Энэ ажилд хэчнээн төгрөгийн зардал гарав. Төсөл хэрэгжүүлэх мөнгийг гүйцэтгэгч нь аваад алга болчихсон. Тэгээд шүүхээр шийдүүлэх гээд хугацаа алдаад дахин төсөв гарган ажлыг явуулж байгаа гэсэн яриа байна. Энэ зам хэзээ ашиглалтад орох юм бэ хэмээн асуусан.
Сайд Л.Халтар, Замын бүтээн байгуулалтын ажил Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголтын банкны санхүүжилтээр хийгдэж байгаа. Азийн хөгжлийн банкны хоёр, дөрөвдүгээр багцын хувьд хүндрэлтэй асуудал байгаа нь үнэн. 2019 онд зарласан тендерт орсон хоёр компани нь ажлаа хийхгүй байсан учраас бид 2020 онд гэрээг нь цуцалсан. Тэгээд 2021 оны есдүгээр сард хоёр, дөрөвдүгээр багцын гүйцэтгэгчийг шинээр тодруулсан. Хоёрдугаар багцын ажил бололцооны явж байна. Есдүгээр сарын 15 гэхэд хатуу хучилт дуусчихна. Дөрөвдүгээр багцын хатуу хучилтыг 10 дугаар сарын 30 гэхэд дуусгана. Гэрээгээр 2023 оны аравдугаар сард дуусах ёстой ч хоёр, дөрөвдүгээр багцын ажлыг дуусгахаар шахаж байгаа. Одоо чимхлүүр ажлуудыг 2023 онд хийхээр төлөвлөж, хатуу хучилтаа энэ ондоо дуусгахаар зохион байгуулалт хийгээд явж байна. Энэ жил нэг, дөрөв, тавдугаар багцуудыг дуусган дөрвөн урсгалтайгаар нээнэ гэсэн хариулт өгсөн юм.
Гишүүд асууж, үг хэлсний дараа санал хураалт явуулахаар хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг соёрхон батлахыг дэмжлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.