E-спортын Dota 2-ын хамгийн том лиг “Dota Pro Circuit”-ын Зүүн өмнөд Азийн бүсийн 2 дугаар зиндаанд тоглож буй Монголын “Lilgun” баг улирлын 5 дахь тоглолтоо дээд зиндаанаас буусан Филиппиний “Neon Esports” багтай хийсэн байна.
“Lilgun” баг өрсөлдөгчөө хоёр тоглолтод хожсон бөгөөд эхний тоглолт 30 минут, 2 дахь тоглолт 37 минут үргэлжилжээ. “Lilgun” баг улирал эхэлснээс хойш ийнхүү 5 тоглохдоо бүгдэд нь хожиж, лигээ тэргүүлж байна.
Энэ сарын 14 хүртэл үргэлжлэх лигийн хамгийн өндөр оноотой 2 баг 16-17 мянган ам.долларын /50-53 сая төгрөг/ шагнал авч ирэх улиралд нэгдүгээр лигт тоглох эрхтэй болно.
Team “Lilgun” баг 423 /Б.Алтангинж/,
Sanctity /О.Сүхбат/,
eleven /Б.Мөнх-Эрдэнэ/,
khishka /Б.Хишигбат/,
Ace12 /Н.Батбаясгалан/ нарын бүрэлдэхүүнтэй байгаа бөгөөд 6 дахь тоглолтоо лигийн хүснэгтийн 2 дугаар байрт бичигдэж буй Индонезийн “Army Geniuses” багтай маргааш хийх юм байна.