Монгол Улсад Скаутын хөдөлгөөн үүсэж хөгжсөний 30 жилийн ойд зориулсан “Жембори-30” арга хэмжээг энэ сарын 22-28-ны өдрүүдэд Олон Улсын Хүүхдийн Найрамдал цогцолборт зохион байгуулахаар боллоо.
Жембори гэдэг нь дөрвөн жил тутамд зохион байгуулдаг, скаутууд болон скаутын хөдөлгөөнийг сонирхож буй хүүхэд, залууст зориулсан майхант цугларалт. Жемборид 10 хүүхэд, 1 багшийн хамт салаа болж оролцдог. Оролцогчид долоон өдөр, зургаан шөнийг Монгол Улсын өнцөг булан бүрээс цугласан үе тэнгийн хүүхдүүдтэй танилцаж, цагийг зугаатай өнгөрөөдөг байна. Жемборийн үеэр хүүхдүүд майханд байрлаж, олон төрлийн өртөөчилсөн арга хэмжээнд оролцон, салаагаараа хоолоо хийдэг тул цаг ямагт шинэ туршлaга хуримтлуулж, багаар ажиллах чадварт суралцдаг юм.
Энэ удаагийн Жемборийн онцлог нь 24 цагийн хөтөлбөртэй. Тодруулбал, оролцогчдыг “Адал явдалт”, “Скаут”, “Шинжлэх ухаан ба танин мэдэхүй” гэсэн үндсэн гурван цогцолбор төвөөр зочлуулж, шинэ мэдлэг олгохоос гадна хувь хүний төлөвшилд эергээр нөлөөлөх арга хэмжээнүүд зохион байгуулна. Жишээ нь “Скаут” цогцолбор төвөөр зочилсон хүүхдүүд хээрийн нөхцөлд гал асаах, ус цэвэршүүлэх, анхан шатны тусламж үзүүлэх гэх мэт ур чадварыг эзэмших боломжтой. Тэгвэл “Адал явдалт” цогцолбор төв нь оролцогчдын аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан экстрем өртөө байх бол “Шинжлэх ухаан ба танин мэдэхүй” цогцолбор төв нь олон сонирхолтой туршилтад гар бие оролцох боломжоор хангана. Арга хэмжээний үеэр оролцогчдын аюулгүй байдлыг хангах зорилготой мэргэжлийн аюулгүй байдлын хороо 24 цагийн турш ажиллана гэдгийг зохион байгуулагчид мэдээлж байна.
Хэрэв “Жембори 30” арга хэмжээнд оролцохыг хүсвэл харьяа аймаг, дүүрэг, сургуулийнхаа скаутын багш нарт хандахаас гадна дэлгэрэнгүй мэдээлэл авах бол Монголын Скаутын холбооны фэйсбүүк хуудас болон 11-324171, 9992-7079 дугаарын утсаар холбогдоорой. Бүртгэл 7 дугаар сарын 15-н хүртэл үргэлжилнэ.
Тус арга хэмжээг зохион байгуулагч Монголын Скаутын холбоо нь 1991 оноос хойш 30 жилийн турш үйл ажиллагаагаа тогтвортой явуулж буй, 21 аймаг, 9 дүүргийн 13 000 гаруй гишүүнтэй манай улсын хамгийн том хүүхдийн байгууллага юм.