Монгол Улсаас Камбожийн Хаант Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Бямбасүрэн 2022 оны зургаадугаар сарын 27-ны өдөр Камбожийн Хаант Улсын Хаан Нородом Сихамони-д Итгэмжлэх жуух бичгээ барив.
Итгэмжлэх жуух бичиг барьсны дараа Камбожийн Хаант Улсын Хаан Нородом Сихамони Элчин сайд Ж.Бямбасүрэнг хүлээн авч уулзан, үүрэг ажилдаа орсонтой нь холбогдуулан баяр хүргэж, ажлын амжилт хүсэн, хоёр орны хооронд худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын чиглэлд харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж байгааг тэмдэглэв.
Элчин сайд Ж.Бямбасүрэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Камбожийн Хаант Улсын Хаан Нородом Сихамони-д уламжилж, энэ жил Камбожийн Хаант Улс АСЕАН-г даргалаж байгаад баяр хүргэж, амжилт хүсэхийн сацуу хоёр орны харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа нотлов.