Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын гурван чиглэлд нийт 37.9 км хатуу хучилттай авто замын барилгын ажил хийгдэж буй. Уг бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн 30.4 км авто зам дагуу гурван байршлыг, Хатгал-Хүзүүвчийн шил-Ашихай чиглэлийн 5.5 км автозам дагуу хоёр байршлыг тус тус хаасан байна. Энэхүү хаагдсан замын хажуугаар түр зам гаргажээ.
Хөвсгөл нуурыг зорих гадаадын жуулчин, дотоодын аялагч, амрагчдын урсгал эрс нэмэгдэж буйтай холбогдуулан замын хөдөлгөөний аюугүй байдлыг хангахын тулд зам барилгын ажил хийгдэж буй газрууд болон түр замуудын дагуу замын хөдөлгөөний тэмдэг, тэмдэгжүүлэлт хийх, хөдөлгөөн зохион байгуулагчийг ажиллуулж байна хэмээн салбарын яамнаас мэдээллээ.
Түүнчлэн орчны бохирдлыг бууруулах, тоосжилт үүсэхээс сэргийлж үндсэн болон түр замуудын засварын ажлын явцад өдөрт таван удаагийн давтамжтайгаар нийт 50 тонн усаар усалгаа хийж байгаа аж.
Мөн Улаанбаатар хот болон орон нутгаас Хөвсгөл аймгийн Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт нэвтрэх хэсгийн пост дээр QR код бүхий самбарууд байршуулах ба зорчигчид тус кодыг гар утсаараа уншуулан түр замуудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг урьдчилан авах бүрэн боломжтой болно гэв.
Авто замын барилгын ажил хийгдэж байгаатай холбогдуулан тодорхой байршлуудад анхааруулга, тэмдэг тэмдэглэгээг байрлуулж байгаа боловч шөнө оройн цагаар замын хөдөлгөөний аюулгүй байдлаа бүрэн хангаж, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг БОАЖЯ-наас уриаллаа.