Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар нийтийн болон хувийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн зогсоолын төлбөрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож, Авто зам ашигласны төлбөрийн талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг батлаад буй.
Иймээс төлбөртэй зогсоолын шинэчилсэн үнэ тариф хэзээнээс хэрэгжих талаар НИТХ-ын Ажлын албаны ажилтан Г.Галбаяраас тодруулахад “Зогсоолын төлбөрийг нэмэгдүүлэх нь энэ оны есдүгээр сарын 1-нээс, зам ашигласны төлбөр 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Зогсоолын төлбөрийн доод хэмжээний тариф нь нийтийн эзэмшлийн зам талбайд үйлчилнэ.
Өөрөөр хэлбэл, уг тогтоол Хууль зүй, дотоод хэргийн яамны захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлийн санд бүртгэгдээд, Legalinfo.mn-д нэмэгдэж, 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. Бүртгэгдсэний дараа Нийслэлийн Засаг дарга журмаар батлаад явна” гэв.
Зогсоолын төлбөрийн доод хэмжээг дараах байдлаар шинэчлэн тогтоох саналыг танилцуулсныг баталсан.
Цаг | 0-1 цаг /Эхний 15 минут үнэгүй/ | 2 дахь цаг | 3 дахь цаг | 4 дэх цаг | 4 дэх цагаас хойш |
Үнэ тариф ₮ | 1,000 | 1,500 | 2,000 | 4,500 | Цаг тутам 4,500 |
Авто зам ашигласны төлбөрийн талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төсөлд тусгаснаар нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгслээс дараах байдлаар суурь хураамж авна.
- Суудлын автомашинд 20-40 мянган төгрөг
- Ачааны автомашин ангиллаас хамаарч 40-70 мянган төгрөг
- Автобус 40-60 мянган төгрөг
- Механизм 30-60 мянган төгрөг
- Мотоцикл, мопед 10 мянган төгрөг
- Цистерн 50 мянган төгрөг
- Чиргүүл 30 мянган төгрөгийн суурь хураамж авахаар тогтоосон.
Харин Улаанбаатар хотын шалган бүртгэх товчоогоор нэвтрэх орон нутгийн тээврийн хэрэгслийн хувьд суудлын тоо, даац, тонн зэргээс хамаарч 1,000-5,000 төгрөг байхаар баталсан билээ.