Хужирбулангаас Гачуурт орох зам дагуух шинэхэн үүссэн гэр хороолол дахь цэвэрхэн хашаа, таван ханатад зургаан настай Б.Содномгалсан хүү аав, ээж, ах, охин дүүгийн хамт амьдардаг. Аав нь Оюутолгойд ажиллаж, ээж нь хүүхдүүдээ хичээл сургуульд нь зөөж, орон гэрээ төвхнүүлдэг байж.
Б.Содномгалсан хүү Гачуурт дахь ерөнхий боловсролын 85 дугаар сургуулийн нэгдүгээр ангийн “онц сурлагатан” байв. Улсын шалгалтуудаа онц өгч, хичээл амрахад ганцхан хоног, “шилдэг сурагч”-ийн шагналаа авахад долоохон хоног дутуу байхад түүний гэрэлтэн буй ирээдүй, хүсэл мөрөөдөл, гэр бүлийнх нь аз жаргал орвонгоороо эргэжээ.
Тодруулбал, тавдугаар сарын 23-ны өдөр ах, дүү хоёр сургуульдаа явахаар гэрээсээ гарч, явган хүний гарцаар зам хөндлөн гарахдаа цемент зуурдаг том оврын автомашинд мөргүүлсэн юм.
Хөвгүүд гарцны дэргэд очиход Гачуурт талаас Улаанбаатар луу чиглэж явсан автомашин зам тавьж зогсоход Б.Содномгалсан хүү “Ахаа, энэ машины жолооч биднийг яв гэж байна” гээд ахаасаа түрүүлэн зам нэвтэрч эсрэг урсгалын наана, замын голын цагаан шугам дээр зогссон байна. Энэ үед Гачуурт луу чиглэж явсан том оврын автомашин хүүг мөргөж, хүү ослын газраас есөн метр зайд шидэгджээ. Тэр өдрөөс хойш цовоо сэргэлэн хүү уйлах инээх, ярих, хөдлөх, идэх, тэр бүү хэл өвдөж буйгаа илэрхийлэх ч чадваргүй , хэвтрийн нэгэн болж хувирчээ.
Өнгөрсөн хоёр сарын хугацаанд хүүд шаардлагатай бүхий л эмчилгээг хийлгэсэн бөгөөд цаашид эмчилгээ, асаргаанд багагүй мөнгө хэрэгтэй байгаа тул эцэг, эх нь ард түмнээс сэтгэлийн өргөл хүсэн, бидэнд хандсан юм.
Ингээд хүүгийн ээжийн яриаг хүргэж байна.
Хүүгийн тань биеийн байдал ямар байна вэ? Эмч нар юу гэж хэлсэн бэ?
Хүү минь маш хүнд байна. Амьсгалж л байгаа болохоос ямар ч хариу үйлдэл, хөдөлгөөн байхгүй, ээж аавыгаа ч танихгүй. Осол болсон өдрөөс долоодугаар сарын 5-ныг хүртэл ГССҮТ-д хэвтэн эмчлүүлсэн. Эмч нар “Шаардлагатай бүхий л эмчилгээг хийлээ. Одоо хийх эмчилгээ байхгүй. Хүүхдийнхээ орчныг сольж, агаарт гаргаж үзье. Асаргаа маш чухал. Удаан хугацаа, маш сайн асаргааны хүчинд биеийн байдалд нь өөрчлөлт гарч болно. Ер нь л хүүхдийн хувь заяа мэдэх хэрэг” гэж хэлээд гаргасан. Гэртээ гарсны дараа хүүхдийн маань нүүр царай хөхөрч, бие нь улам сулдсан болохоор 9-ний өдөр Эх хүүхдийн эрүүл мэндийн төв (эх нялхас)-т үзүүлсэн. Тэнд хүүг маань шууд хэвтүүлж, эмчилгээ хийж байгаад 28-ны өдөр гаргасан. Гэртээ гарч ирээд дөрөв хонож байна.
Осол гарсан өдөр та хаана байсан бэ? Яг юу болсон юм бэ?
Хүүхдүүд маань улсын шалгалтаа өгчихсөн, хичээл амрахад ганц хоног дутуу байсан юм.
Нөхөр маань Оюу толгойд ажилладаг болохоор цалингаа явуулж, би хүн хөлслөн хашаандаа байшин бариулж байсан юм л даа. Тийм болохоор хүүхдүүддээ “маргаашаас хичээл амрах болохоор өнөөдөртөө хичээлдээ явахгүй байя. Ээж нь хүмүүсээр ажил хийлгэж байгаа болохоор та нарыг хүргээд явж болохгүй байна” гэж хэлсэн.
Харин Б.Содномгалсан маань “Өнөөдөр биеийн тамирын хичээл орно, заавал явна” гээд биеийн тамирын улаан хослолоо өмсөөд, ахтайгаа гарсан. Би ой гарантай охиноо тэврээд хоёр хүүхдээ сургуульд нь байнга хүргэж, авдаг байсан. Тэр өдөр яалт ч үгүй хоёуланг нь гаргачихсан, миний алдаа.
…Хүүгээ машинд мөргүүлчихсэн байгааг нь хараад ухаан санаа маань самуурчихсан. Тэр үеийг одоо ч санадаггүй, үнэхээр аймшигтай.
Явган хүний гарцаар, хоёр урсгал заагласан цагаан шугаман дээр зогсож байсан, тод улаан хувцастай хүүхдийг харахгүй ирээд мөргөж байгаа жолоочийг ойлгохгүй байна.
Тухайн үед түргэний машин яаралтай ирж, ГССҮТ-ийн эмч нар өнгөрсөн хугацаанд хүүг маань эмчилсний хүчинд амь нас нь аврагдлаа. Эмч нартаа маш их баярлаж байна.
Гэхдээ, эрүүл саруул, инээгээд гүйж явсан хүү минь хэд хоног эсвэл хэдэн жил наслах нь тодорхойгүй, дахиад хөл дээрээ босох нь мэдэгдэхгүй, зүгээр л амьсгаатай хэвтэж байна шүү дээ (уйлав)
Осол гаргасан жолооч та бүхэнтэй холбоотой байдаг уу? Тусалж дэмждэг үү?
Эхэндээ ч эмнэлэгт эргэж, хүүгийн минь биеийг асууж, памперс, ойр зуурын эм тариагаар туслаж байсан. Өөрөө айлын ганц хүү юм байна лээ. Тэгээд “Содномгалсантай ах дүү боллоо. Хүүг ийм болгосон болохоор насан туршид нь ах нь байж, харж хандана аа” л гэж ярьж байсан.
Гэтэл сүүлдээ холбоо барихаа больж, элдэв муу үгээр хэлэх болсон. Жолоочийн аав нь 300 мянган төгрөг авчирч өгөөд “Дахиад юу ч өгч чадахгүй шүү, бид нар бас амьдралтай хүмүүс, өөрсдөө эмчилгээгээ хийлгэ” гэж хэлсэн. Ээж нь бас надтай уулзаад “Сая төгрөг өгье. Авахаасаа өмнө цагдаа дээр очоод гомдолгүй гэсэн гарын үсэг зурчих” гэж хүртэл хэлсэн. Үнэхээр гомдолтой байна. Эрүүл саруул, инээж явсан хүү минь сая төгрөгийн үнэтэй юм гэжүү дээ.
Хэдий бид мөнгөөр дутагдаж байгаа ч тэр хүмүүсээс мөнгө төгрөг аваад, ял эдлүүлээд торны цаана суулгаад байх хүсэл сонирхол байхгүй Гол нь хүн ёсоор хандаж, эргэж тойрч, хүүг минь анхаараасай, хамгаалаасай л гэж хүсч байна.
Түүнчлэн хуулийн заалтад ч өөрчлөлт оруулаасай гэсэн хүсэл байна. Учир нь замын осол гарахад хохирогчийн талынхан л жинхэнэ утгаараа хохироод үлддэг юм байна.
Осол гаргасан жолоочийн хувьд санамсаргүйгээр, анх удаа гэсэн шалтгаанаар хөнгөхөн ял сонсоод, тэр нь тэнсэн харгалзах болоод ч өнгөрөх боломжтой байдаг юм байна. Осол гаргасан хүнийг хорьж цагдах биш хохирсон хүнийг халамжлах, асрах, харж үзэх зэргээр хуульчлаад өгөөсэй. Нэгэнт эрүүл мэндээрээ хохирчихсон хойно хэн нэгнийг шоронд явууллаа гээд юу өөрчлөгдөх вэ дээ. Цаашид миний хүү шиг хүүхдүүд бүү хохироосой, хохирсон тохиолдолд цаад талынхан нь хариуцлагаа хүлээж асран хамгаалдаг болоосой л гэж хүсч байна.
Жолооч тухайн үед утсаар ярьж явсан гэсэн үү?
Тийм. Осол болсны дараа эмнэлэг дээр жолоочийн эхнэр нь ирээд “Манай нөхөр миксерийн жолооч хийдэг. Зуурмаг авах захилга хүргэхээр явж байсан юм байна лээ. Компани нь сүүлийн хэдэн сар цалингаа өгөөгүй талаар нь би утсаар ярьж, бид хоёр мөнгөнөөс болж муудалцаж байсан. Надаас л боллоо” гээд уйлж байсан.
Бидэнд жолооч, эхнэрийг нь буруутгаад байгаа юм байхгүй. Нэгэнт осол гаргасан, хүү минь хохирсон нь үнэн. Бүх зүйл тодорхой байхад жолоочийн аав, ээж биднийг доромжилж, холбоогүй байгаад нь гомдолтой байна.
Хэрэг хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа юм байна. Ямар шатандаа яваа вэ? Та бүхэн өмгөөлөгчтэй болсон уу?
Бид бүхий л боломж, анхаарал цаг хугацаагаа хүүдээ зориулж байсан болохоор өнгөрсөн хугацаанд өмгөөлөгч авч, өөр бусад асуудлаар хөөцөлдөж амжаагүй байсан. Саяхан өмгөөлөгчтэй болсон.
Ослын хэрэг Замын цагдаагийн газарт шалгагдаж байгаа , одоогоор прокурорт шилжээгүй байгаа гэсэн. Харин осол гаргасан жолооч аль эрт өмгөөлөгчтэй болж, хуулийг маш сайн судалсан байна лээ. Надад гомдмоор, цөхөрмөөр олон заалт, шийдэл ярьсан.
Гэхдээ бид цөхрөхгүй. Хүүгийнхээ төлөө хийж чадах бүхнээ хийж, хүүгээ асарна. Гадаадын эмнэлгүүдэд оношийг нь явуулж, эмчлэгддэг эсэхийг судална. Эцсээ хүртэл явна.
Б.Содномгалсан хүү хоёр сар гаруй хэвтсэн тул маш их турж, царай нь цонхийжээ. Есөн настай ах, ой гурван сартай дүү нар нь ч том хүмүүс шиг түүнийг өрөвдөн ширтэж, гэрт илүү чимээ шуугиан гаргахгүй байлаа.
Аав нь хүүгээ эмчлүүлэх, эмнэлэгт сахих шаардлагаар ажлаасаа гарсан байна. Гэвч ам бүлээ тэжээх, хүүгийн памперс, эм тарианы мөнгийг олохоор дүүгийнхээ машиныг гуйж, таксинд явдаг болжээ.
Хэн нэгэн хариуцлагагүй, анхаарал болгоомжгүй хүний үйлдлээс аз жаргал цацарч, өөдлөн дэвшиж байсан нэгэн өрх гэр ийнхүү арга мухардаад байна.
Ах дүү хоёртойгоо тоглож, аав, ээждээ эрхлэн байсан хүү нь нүдэн дээр нь турж эцэн, гөлийн хэвтэхийг хараад, юу ч хийж чадахгүй байхаас илүү зовлон эцэг эх хүнд юу байх билээ.
Сайхан сэтгэлт түмэн олноосоо Б.Содномгалсан хүүгийн гэр бүлийнхэн тусламж гуйж байна.
Холбоо барих: 9973 0739
Дансны дугаар: 5751 0827 99 Ц.Сүрэнхорлоо
Эх сурвалж: http://time.mn/content/201702-8726
3 comments
ter hvn dairchaad gelemch vgvi bga nowshiig hyyliin hariytslaga vvrvvlj deer ni hvvgiin gadaad dotoodiin emneleg sywilaliin emchilgeenii zardaliig gargyylj awah heregtei shdee ta hede maani oldson omgoologch l sain ajildag hvn bgaasai bilee zaawal edgeeh heregtei shvv saihan hvvgee
Joloochiin buruu ydaj l setgeltei baix xeregtei shuu dee chadax chineegeeree ard tumen mini tuts tus b olooch xoorxon xuud
emchilgee hiilgesen mungun barimtuudaa sain tsugluulah heregtei. shuuh hural deer hohirogchiin talaas garsan emchilgeenii barimtaar notlogdson zardliig hereg hariutsagchaar toluuldeg. tegeheer huuhdee sain asruulaad mungun barimtaa tsugluulaad bh heregtei shuu