Хүн амины хэрэгт оролцсон гэх нотлох баримт байхгүйн улмаас Малайзаас албадан нутаг буцсан Хойд Солонгосын иргэн Ри Жон Чол өнөөдөр (2017.03.04) өглөө Бээжингийн нисэх буудалд буусан байна. Энэ үеэрээ тэр хэвлэлийнхэнд мэдээлэл өгчээ. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны эцэг нэгтэй ах Ким Жөн Намын үхэлтэй холбоотойгоор Малайзад шалгагдсан тэрээр тус улсын Засгийн газрыг хатуу шүүмжилжээ.
Түүнийг Малайзын цагдаагийнхан Ким Жөн Намыг нас барсны маргааш баривчилсан. Тэр сэтгүүлчдэд “Энэ хэрэгтэй холбоотой баримт гээд байгаа бүх зүйл хуурамч, зохиомол бөгөөд манай улсын нэр хүндийг унагаах гэсэн явуулга. Малайзын цагдаа нар надад хэрвээ гэм буруугаа хүлээвэл чи Малайзад байж болно” гэж хэлсэн талаар өгүүлсэн байна.
Ри Жон Чолыг Умард Солонгосын албаны хүмүүс дагалдан яваа бөгөөд үдээс хойш иргэний агаарын тээврийн нисэх онгоцоор Пхеньян руу нисэх төлөвлөгөөтэй байгаа аж.