Дархан цаазат Богдхан уулын амд байрлах Дугуй цагаанд задгай театр болон тоглоомын талбай бүхий тохижилт хийж, наймдугаар сард дуусгахаар төлөвлөөд буй. Гэвч тухайн тохижилтын ажил нь Богдхан уулын зэрлэг амьтдаас эхлээд экологийн тэнцвэрт байдалд асар сөрөг нөлөө үзүүлэхээс гадна эдийн засгийн хувьд үр ашиггүй гэж Архитектор С.Одхүү хэлжээ.
Тэрбээр ” Нийслэлийн зүгээс Богдхан уулын Дугуй цагаан руу явах замд байсан шавар гэрүүдийг буулгасан талбайг тохижуулахад 1.9 тэрбум төгрөг зарцуулахаар болсон юм билээ. Гэвч тэнд хийгдэх бүтээн байгуулалтын төлөвлөгөө нь байгальд ээлгүй байгааг хараад бухимдал төрж байна. Тэр газрыг заавал байгаль экологид ээлтэй байдлаар тохижуулах шаардлагатай.
Учир нь Богдхан уул бол ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд 1997 онд бүртгэгдсэн бөгөөд 13 дугаар зууны үеэс дархлан хамгаалсан ариун шүтлэгтэй, Монголын анхны Дархан Цаазат газар. Гэвч өнөөдөр тус уулын нийслэл хоттой холбогддог 40-н ам бүгд зарагдсан. Одоо жоохон зайтай, сул үлдсэн газар нь Зайсангийн ам болчхоод байгаа.
Энэ ам төвийн замтайгаа хамгийн ойрхон нь төдийгүй дэд бүтэц, автобус хүртэл явдаг учраас нийслэлийн иргэд хаанаас ч чөлөөтэй очиж, алхах боломжтой ганц үлдсэн газар. Тиймээс яг уулын бүсэд ойрхон буюу Дугуй цагаан орчмын 56 га газрыг нийслэлчүүд байгалиар нь авч үлдэх хэрэгтэй.
Үе үеийн сайд, дарга нар Богдхан уулын амуудыг зарж орон сууц, хаус хороолол хүртэл барьчхаад одоо ядаж ганцхан тэр амыг иргэддээ бүтнээр нь үлдээх ёстой.
Олон сайд дарга албан тушаалаа урвуулан ашиглаж, уул зарж арилжиж байхад нь дархан цаазат газраа хамгаалахаар хэн нь ч тэмцээгүйн учир өнөөдөр Богдхан уул маань ийм байдалд хүрч, барилгажсан. Энэ бол иргэд бидний буруу.
Мөн байгалийн модон хийцтэй задгай театр, хоёр хүүхдийн тоглоомын талбай байгуулахаар төлөвлөжээ. Тэнд хүүхдийн тоглоомын талбай байгуулах нь ямар ч зохимжгүй бөгөөд ямар ч үр ашиггүй бүтээн байгуулалт болно. Өнөөдөр замын түгжрэл ийм хэмжээнд байхад нийслэлчүүд өдөр бүр тэр хол хүүхдээ тоглуулахаар очоод байхгүй нь мэдээж. Иргэд өөрсдөө ч долоо хоног тутам амралтаараа ууланд алхаад байж чаддаггүй шүү дээ.
Тиймээс шулуулан хэлэхэд тэнд хүүхдийн тоглоомын талбай байгуулах нь Зайсангийн ам орчимд хулгайгаар газар аваад барьчихсан хаус хорооллуудад амьдардаг хэсэгхэн айлуудад зориулж, гадна тохижилтыг сайжруулж өгсөн ажил болж үлдэнэ гэсэн үг.
Дугуй цагаанд задгай театр байгуулбал зэрлэг амьтад үргэж, Богдхан уулын экологийн тэнцвэрт байдал алдагдана. Байнга арга хэмжээ болохгүй байсан ч тэнд театр хийчихвэл хүмүүс хөгжим хэрэглэж, чимээ гарах нь мэдээж. Зэрлэг амьтан амьдардаг, дархан цаазат газраа пиво уугаад, хөгжим тавиад суучихвал утгаа алдана шүү дээ. Ийм зүйл хийж болохгүй.
Дэлхийн аль ч улс байгаль орчин, зэрлэг амьтдынхаа эсрэг ийм солиотой бүтээн байгуулалт хийгээгүй. Харин эсрэгээрээ зэрлэг амьтад байдаг газраас дуу чимээ гаргах төрлийн бүтээн байгуулалтыг хэдэн метрийн цаана төлөвлөх ёстойг нь стандартчилсан байдаг.
Иймэрхүү бүтээн байгуулалтыг орон сууцны СӨХ л хийдэг юм. Бүхэл бүтэн улсын нийслэл нь жил бүр явган хүний замын хавтан, бродюр сольж, одоо бүр Дархан цаазат газрынхаа орчимд хүүхдийн тоглоомын талбай, театр байгуулна гэхчлэн томруулсан СӨХ шиг ажиллаж болохгүй.
Тэр газарт задгай театр, хүүхдийн тоглоомын талбай байгуулаад өг гэж хэн ч хүсээгүй. Орчны бохирдол үүсгэж байгаа шалтгаанаар хэдэн шавар гэр буулгаад оронд нь ямар ч ялгаагүй, зохимжгүй бүтээн байгуулалт хийх гээд байгааг ойлгохгүй байна.
Мөн одоо Богд уулын аманд зориулалтын жим байдаггүйгээс хүмүүс дуртай газраараа жим гаргаж, ой модонд сөрөг нөлөө үзүүлж байна. Эхнээсээ хүн явдаг газруудын хөрс нь суугаад моднуудын үндэс гараад ирчихсэн байгаа нь алсдаа мод үхэх аюулд хүргэнэ” гэжээ.
Б.Ирээдүй