Туркэд өнгөрсөн онд болсон цэргийн эргэлт хийх оролдлоготой холбоотой гэх армийн алба хаагчид голдуу 486 хүнийг нийслэл Анкара хотоос холгүй орших газарт мягмар гарагаас буюу өчигдрөөс шүүж эхэлжээ.
Яллагдагчдыг гавлаж, цагдаа нар болон аюулаас хамгаалах хүчнийхэн шүүх танхим руу оруулж байгааг телевизүүд харуулж байна.Үндсэн хуулийг зөрчсөн, төрийн эрхийг булаан авахыг завдсан, хүний амь хөнөөсөн, ерөнхийлөгчийн амь насанд халдахыг завдсан зэрэг хэргээр тэднийг яллаж байгаа аж.
Төрийн эргэлт хийхийг завдах үеэр амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэн шүүхийн байрны гадна цуглан эсэргүүцлийн жагсаал хийсэн байна. Тэд “Гэмт этгээдүүдэд цаазын ял оноо!” гэж уриа хашгирч байв.
2016 оны долдугаар сарын 15-нд болсон цэргийн эргэлт хийх оролдлогын үеэр 250 гаруй хүн амь үрэгдэж, 2000 гаруй хүн шархдаж, гэмтэж бэртсэн юм.
Эх сурвалж:http://www.montsame.mn/read/62147