Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг эхлүүлж, хоёр өдрийн дотор 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татжээ

Санхүүгийн зохицуулах хорооны энэ сарын 08-ны ээлжит хуралдаанаар нийтэд санал болгон гаргах хамгийн өндөр дүнтэй буюу “Симпл ассет ТЗК” ХХК-ийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бүртгэх шийдвэр гаргасан. Тус үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг өчигдөр буюу энэ сарын 20-нд эхлүүлсэн бол хоёр өдрийн дотор нийт 50 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 254 хөрөнгө оруулагчаас амжилттай татан төвлөрүүлж чадсан байна.

Сүүлийн жилүүдэд Санхүүгийн зохицуулах хорооноос УИХ, Засгийн газар, төрийн болон хувийн хэвшил, дэд бүтцийн байгууллагууд, зах зээлийн мэргэжлийн оролцогчидтой нягт хамтран ажиллаж хөрөнгийн зах зээлийн хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, хөгжүүлэх зэргээр бодлогын томоохон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүллээ. Үүний үр дүнд зах зээлийн хөгжлийн суурь үзүүлэлтүүд түүхэн дээд хэмжээнд хүрч, иргэд, аж ахуйн нэгжүүдийн хөрөнгийн зах зээлд оролцох оролцоо ч эрс нэмэгдэж байна. Нөгөө талаар хөрөнгө оруулагчид зах зээлд гарч буй шинэлэг бүтээгдэхүүнд хөрөнгө оруулах сонирхол ч өндөр байгааг дээрх арилжаа ийнхүү харууллаа.

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн