ДЭМБ-аас 10-19 насыг өсвөр үе гэж тодорхойлдог ч хөвгүүдийн хувьд охидоос арай хожуу эхлэх буюу голчлон 12-14 насанд шилжилтийн насны гол өөрчлөлтүүд ажиглагддаг.
Энэ үед тэд өөрийгөө том хүн болсон мэтээр санаж эцэг эхээсээ хараат бус байхыг эрмэлзэн асуудалд бие даан шийдвэр гаргахыг хүснэ. Биеийн гадна төрхдөө их анхаарна. Эсвэл бүр эсрэгээрээ хэт эмх замбараагүй болж зан байдал нь тогтворгүйгээр (огцом уурлаж, огт дуугарахгүй) өөрчлөгддөг.
Энэ үед нь аав ээж, асран хамгаалагч бид хэрхэх вэ?
- Өсвөр насны хүүтэйгээ аав нь илүү дотно ярилцаж байх. Боломжгүй бол ах, нагац ах, өвөө, үеэл зэрэг зөв үлгэрлэл болох хэн нэгнийг нь илүү ойр байлгахыг хичээгээрэй.
- Харин аав, ах та “Би чам шиг байхдаа..”, “Чиний энэ насан дээр..” гэх зэргээр өнгөрсөнтэй, өөртэйгөө, хэн нэгтэй жишсэн байдлаар харилцаж болохгүй шүү.
- Тэд алдаа гаргасан үедээ ч хэт биеэ өмөөрч, амархан уурлаж тантай зоригтой зөрчилдөж мэднэ. Энэ нь тэдний өөрийнхөөрөө байхыг эрмэлзэх, өөрийгөө бусдад ойлгуулах, хүлээн зөвшөөрүүлэр гэсэн хэлбэр юм. Ийм үед та мөн л сонсогч байж тайвшрах хүртэл нь хүлээгээрэй. Тайвширсан хойно нь асуудлыг хоёулханаа ярилцаад үз.
Тэр танаас хүндлэл мэдэрсэн үед нээлттэй ярилцах болно. - Өсвөр насны охид хөвгүүд ялгаагүй сэтгэл хөдлөлөөр аливаа эрсдэл бүхий зан үйл рүү амархан татагдаж орох магадлал маш өндөр. Үүнд найзуудаасаа ялгарахыг хүсэхгүй байх, сонихолтой зүйл туршиж үзэх хүсэл, ятгалгад автах гээд олон хүчин зүйлс нөлөөлдөг.
Хамгийн чухал нь хөвгүүдэд багаас нь хатуу хандахгүй, дургүй хүсэхгүй байгаа зүйлдээ ҮГҮЙ гэж хэлэх эрх чөлөөг гэрийн нөхцөлд нь бий болгоорой. Аавууд ялангуяа хөвгүүдээ хатуужилтай болгоно хэмээн ХАТУУ ХАНДАЖ ЭНДҮҮРДЭГ. Энэ харин ч түүнийг бүрэг дотогшоо болгох, өөрийн үзэл бодлоо хамгаалахдаа сул, бусдыг дагалдагч нэгэн болоход нөлөөлнө гэдгийг санаарай. Тиймээс хүү тань гэр бүлийн орчиндоо өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг байх хэрэгтэй шүү.
Та хүүгээ хэт цагдан хорилгүй тодорхой чөлөөт цаг өг, өөрийнх нь сонирхол, үнэт зүйлийг нь хүндэл. Мөн том болсон гэж анхаарахгүй орхилгүй түүнд зориулж тодорхой цаг гаргаж байгаарай. Хэнтэй нөхөрлөж чөлөөт цагаараа юу хийдгийг нь заавал мэддэг байгаарай. Тэдний хувьд гэр бүл гэхээсээ найз нөхдөдөө цаг гаргах нь чухал санагдана.
Энэ насанд нь эцэг эх нь эелдэг, туслаж дэмжих үүрэгтэйгээр асуудлыг хэлэлцэн ярилцаж байх нь хоорондын дотно байдалд нэн чухал.
Г. Төмөрзаяа (#Хөөрхөн_шар_шувуу сургалт судалгааны төвийн багш, судлаач)
Б. Мягмарсүрэн (#Хөөрхөн_шар_шувуу сургалт судалгааны төвийн сэтгэл судлаач)