Жил бүрийн 06 дугаар сарын 20. Онцгой байдлын алба хаагчдын хувьд онцгой өдөр. Учир нь өдгөөгөөс 19 жилийн өмнө Улсын Их хурлаар Гамшгаас хамгаалах тухай хууль батлагдаж, Гал түймэртэй тэмцэх, Иргэний хамгаалалт, Улсын нөөц гэсэн гурван газрыг нэгтгэн орчин цагийн Онцгой байдлын алба өндөр үүдээ нээсэн түүхтэй. Анхны сайдаар өдгөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дөнгөж 36 настай байхдаа томилогдон ажиллаж байв.
Онцгой байдлын албаны нэр, билэг тэмдэг, туг далбаа, анхны дүрэмт хувцасны загвар, хууль, журмууд бүгд энэ эрхэм хүний удирдлага, санаачилга дор ажил хэрэг болж, амьдрал дээр үйл хэрэг болсон байдаг. П.Даш генерал, О.Үржин генерал, Д.Хишигбаатар комиссар, Т.Ганболд комиссар гээд гурван өөр байгууллагын, том амбицтай дарга, хамт олныг тэр л нэг туган дор нэгтгэж, өдгөөгийн ард олныхоо итгэл, сэтгэл дээр үндэслэгдсэн орчин цагийн Онцгой байдлын албаны үндэс суурийг бат бөх тавьж өгсөн юм. Асар их эрч хүчтэй залуу сайд Ерөнхийлөгч, Их хурал, Засгийн газар дээр асуудлыг шуурхай шийдвэрлүүлж байсан нь өнөөдрийн Онцгой байдлын албыг хурдан бэхжиж, хөлөө олоход том түлхэц болсон болов уу.
У.Хүрэлсүх сайд парламент дээр “Манай аврагч нар өөрсдийнхөө амь насыг үл хайрлан спирт, скочоор биеэ ороон хүйтэн ус руу орж хүний амь нас аварч байна” хэмээн хэлж аврагчдын техник, хувцас хангалтын бодит байдлыг гишүүд, олон нийтэд ойлгуулж дэмжлэг авч байв. Сүүлд хоёр ч удаа Шадар сайдаар ажиллаж, энэ албыг шинэ шатанд гаргахад бүхнээ зориулсан учир Онцгойнхон Хүрэлсүх сайддаа ам сайтай байдаг юм.
Анхны юм бүхэн амаргүй байдаг хойно адармаатай хүнд үеийг ч энэ алба туулсан. Түймэр унтраахаар явсан 15 сайхан хөвгүүдээ онгоцны ослоор алдчихаад байсан үе хамгийн хүнд. Дорнодын их түймэрт эх оронч хөвгүүдээ алдаж байв. Одоо энэ албыг эх орон мэддэг болсон. Үе үеийн эх оронч хөвгүүдийн алтан амиар энэ алба боссон. Ард түмнийхээ ариун итгэл дээр энэ алба боссон. Тийм учраас хазайх ёсгүй, хазайлгах эрхгүй зүтгэх ёстой ариун буянтай алба юм.
Та бүхэнд орчин цагийн Онцгой байдлын алба үүсэн байгуулагдсан өдрийн баярын мэндийг хүргэе. Онцгой байдлын алба үеийн үед мандан бадрах болтугай.
НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй
2022.06.20