Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд нийгмийн эрүүл мэндийн төвийн барилга барихаар заасан. Энэ нь он дамжин хэрэгжих ажил юм. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн сүрьеэгийн диспансерийн байрыг өмчийн бүртгэлээс хасах хүсэлт ирүүлсэн байна.
Түүнчлэн Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн шинэ байр барих болсон. Үүнтэй холбогдуулан барилга барих талбайд буй гарааш болон агуулах зэргийг буулгах хүсэлт ирүүлжээ. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны хооронд байгуулсан гэрээ, буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн дагуу барилгыг Сонгинохайрхан дүүргийн жишиг эмнэлгийн зураг төсвөөр барихаар зөвшөөрсөн байна.
Мөн 28-р сургуулийн нэгдүгээр байрыг шинээр барих төсөл батлагджээ. Тухайн сургуулийн барилга 1964 онд ашиглалтад орсон бөгөөд мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтээр шаардлага хангахгүй нь тогтоогдсон байна.
Дээрх барилга байгууламжийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тогтоолын төслийг НИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаар хэлэлцэж, дэмжсэн болохыг Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.