Цахим хөгжил, харилцаа холбооны яамны удирдлагууд НАСА-гийн төлөөлөгчидтэй цахим уулзалт хийлээ. Уг уулзалтад НАСА-гийн талаас Олон улсын болон агентлаг хоорондын харилцааны албаны Олон улсын хөтөлбөрийн мэргэжилтэн Бетси Голдемен, Олон улсын оффисын Ази дахь төлөөлөгч Гарви Макинтош зэрэг албаны хүмүүс оролцлоо.
Уулзалтын эхэнд Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б. Болор-Эрдэнэ Монгол Улсын харилцаа холбооны салбар тэрдундаа сансрын технологийн хөгжлийн талаар товч танилцуулсан юм. Тэрбээр хэлэхдээ “Монгол Улс ОХУ-тай сансар судлал, сансрын технологийн чиглэлд хамтран ажиллаж ирсэн уламжлалтай бөгөөд тэртээ 1981 онд Монгол хүн сансарт нисэж, эмнэлэг, биологи, физик технологи, зайнаас тандан судлах гэсэн үндсэн гурван чиглэлээр 25 нэр бүхий, 36 эрдэм шинжилгээний туршилт судалгаа хийж байсан нь Монгол Улсын сансар судлал хөгжих эхлэл тавигдаж байсан. Өнөөдөр манай улсад сансраас мэдээлэл авч, байгаль газар зүй, уул уурхай, хөдөө аж ахуй, харилцаа холбоо, мэдээллийн технологи зэрэг олон салбарт ашиглаж буйг дуулгасан юм”.
Мөн тэрбээр олон улсын сансрын шинжлэх ухаан, технологийн хүрээлэн,сансрын нисгэгчдийг бэлтгэх бааз бүхий аялал жуулчлалын загвар хотыг Монголын говьд байгуулгах зорилготой “Мars V” төслийн талаарх мэдээллийг НАСА-н багт дуулгасан юм.
Цаашид сансрын технологийг хөгжүүлэх, салбарын хүний нөөцийг бэхжүүлэх үүднээс тус салбарын залуу боловсон хүчин, эрдэмтэн судлаачдыг НАСА-гийн хэрэгжүүлдэг сансрын хөтөлбөрүүдэд хамруулах мөн тодорхой төсөл хөтөлбөр дээр хамтран ажиллахаар тохиролцлоо.
НАСА нь Монгол Улстай 1997 оноос хойш хамтран ажиллаж байна.