НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах конвенцын оролцогч талуудын 15 дугаар чуулган энэ сарын 14-16-нд Нью-Йорк хотноо болж байна. Чуулганы Ерөнхий хэлэлцүүлэгт Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа цахимаар оролцож, үг хэлэв.
Тэрээр сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулсан “duudlaga.mn” үйлчилгээг нэвтрүүлснээ тэмдэглэлээ.
Энэ удаагийн чуулган “КОВИД цар тахлын үед болон цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулж, оролцоог хангасан нийгмийг цогцлоох нь” сэдвийн дор болж байна.
Монгол Улс 2009 онд НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах конвенцын оролцогч тал болж, 2016 онд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хууль баталсныг сайд А.Ариунзаяа тэмдэглэв. Манай улс олон улсын гэрээ, конвенцийг хэрэгжүүлэхэд өндөр ач холбогдол өгч, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах конвенцын хэрэгжилтийн 2 ба 3 дугаар илтгэлийг танилцуулсан.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүргэх үйлчилгээг цахимжуулж, e-mongolia e-welfare платформд нийт найман үйлчилгээ нэвтрүүлжээ хэмээн ГХЯ-наас мэдээлэв.