Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдрийн /2022.06.17/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн баталлаа.
Уг хуулийн төсөлд донорын нас 25 байсныг 21 болгон өөрчлөлтийг тусгажээ. Ингэснээр 235 мянган иргэн гэр бүлийнхэндээ донор болох боломжтой болно гэж хууль санаачлагчид үзсэн юм.
Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд донорын насны доод хязгаарыг багасгах, амьгүй буюу тархины үхэлтэй донорын гэр бүлд үзүүлэх дэмжлэгийг тодорхой болгох, донорын гэгээн дурсгалыг хүндэтгэх, эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаатай холбоотой мэргэжлийн Ёс зүйн хороог байгуулах, донорын нэгдсэн бүртгэл мэдээллийн сан байгуулах эрх зүйн орчныг бий болгох тухай зэрэг зохицуулалтыг тусгасан.
Донорын тухай (шинэчилсэн найруулга) хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл батлагдсанаар дараах ач холбогдолтой. Үүнд:
- Монгол Улсын 21 насанд хүрсэн иргэн сайн дурын үндсэн дээр эрхтнээ бусдад шилжүүлэн суулгах эрх зүйн орчин бүрдэнэ. (Одоо мөрдөгдөж байгаа хуульд 25 нас гэж заасан)
- Эс, эд, эрхтний донорын нэгдсэн бүртгэл, мэдээллийн санг байгуулах эрх зүйн орчин бий болно. (Донорын нэгдсэн бүртгэл ил тод, нээлттэй болно)
- Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаатай холбоотой мэргэжлийн Ёс зүйн хороо ажиллана.
- Нийгмийн даатгалын сангаас амьгүй донорын оршуулгын тэтгэмжид санхүүгийн дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчин бий болно.
- Амьд донорууд жилд нэг удаа дотоодын рашаан сувилалд үнэ төлбөргүй сувилуулах эрхтэй болно.