УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг “Жил бүр ЕБС-ийн 9-р анги төгсөгчдөд “Улаан шугам” гэх босго тавин сурлагын дүнгээр нь ялгаварлан 10-р ангид суралцах эрхгүй хэмээн хасдаг явдлыг таслан зогсоох ёстой.
Соц нийгмийн үеийн төрийн зүгээс хүний эрхийг хязгаарлаж ирсэн энэ буруу жишгийг “Ази дахь ардчиллын баян бүрд” гэгдсэн Монгол улсад өнөөг хүртэл хэрэгжүүлсээр, үе үеийн Боловсролын сайд нараас нэг нь ч үүнийг халах тухай шийдвэр гаргаагүй ирсэн нь үнэхээр харамсалтай.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16.7-д “сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно…” гэж заасан. Монгол Улсын нэгдэн орсон Хүүхдийн эрхийн конвенци, Боловсролын талаар алагчилахтай тэмцэх тухай конвенциудад “хүүхдийн сурч боловсрох эрхийг хүлээн зөвшөөрч, хүн бүр чадвартаа түшиглэн боловсрол эзэмших бололцоог шаардлагатай бүх арга замаар хангах” нь улс орнуудын төрийн үүрэг болохыг заасан байдаг.
9-р анги төгсөгчдөөс хэдэн хүүхдийг хасах тухай шийдвэр гаргах эрхийг хэнд ч ямар ч хууль тогтоомжоор олгоогүй атал Ерөнхий боловсролын сургуулийн удирдлагууд өөрсдийн үзэмжээр шийдэж ирсэн нь Монгол улсын Үндсэн хууль, нэгдэн орсон олон улсын гэрээнүүдийг бүгдийг зөрчсөн хүүхдийн эрхэд халдсан ноцтой зөрчил тул үүнийг таслан зогсоох тухайд шийдвэр гаргахыг БШУЯ-ны сайд Л.Энх-Амгаланд уламжлах болно” хэмээн цахим хуудсаараа байр сууриа илэрхийлсэн байна.
1 comment
Зөв хүүхдүүд сайн муугаар нь ялган гадуураха үзэл бодолтой болсон багш нар их болсон шүү мөнгө өгсөн хүмүүсийн хүүхдийг сургуульд оруулдаг тиимэл нийгэм болсон шүү дээ