УИХ -ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлийг хэлэлцсэн үйл явцад ХЭҮК-ийн гишүүн Г.Нарантуяа сэтгэл дундуур байгаа тухайгаа өөрийн цахим хуудсандаа ийнхүү илэрхийлжээ.
Тэрбээр “Энэ өдрүүдэд Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлийг Улсын Их Хурал хэлэлцэж байна. Хүний эрх, эрх чөлөөний илтгэл бол Хүний эрхийн Үндэсний Комиссын нөхцөл байдалд тавьсан дүгнэлт, хүний эрхийг хангах, хамгаалах талаар төрөөс нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээг саналыг агуулсан, тогтолцоог сайжруулах зорилготой бодлогын инструмент юм. Илтгэлийг бид Монгол Улсын өнцөг булан бүрт болж байгаа нөхцөл байдлыг тандан судлаж, учир шалтгааныг шүүн тунгааж, хэрэгжих боломжтой бодлогын санал гаргахыг хичээж боловсруулдаг. Сайжруулах асуудлууд бий. Гэхдээ цөөн боловч хичээнгүй хамт олны минь эх оронч сэтгэл, зуу зуун цаг, олон жилийн туршлагад үндэслэдэг тул тун голтой бичигддэг гэж үздэг.
Хууль зүйн байнгын хороогоор өчигдөр /2022.06.15/ илтгэлийг хэлэлцлээ. Илтгэлд хөндсөн асуудал, гаргасан санал, тэдгээрийн үндэслэл, учир шалтгааны талаар нэг ч гишүүн хариуцлагатай, ажил хэрэгч асуулт асууж, санал гаргасангүй. Илтгэлийнхээ агуулгыг, яагаад энэ асуудлыг чухалчилж байгаагаа, яагаад тийм санал гаргаж байгаагаа яримаар байвч боломж гарсангүй. Зүй нь илтгэлд хамааралтай байгууллагуудын удирдлагуудыг нэг дор цуглуулж, бидний гаргаж тавьсан асуудал хэр үнэн бодитой, тулгамдсан болохыг, цаашид хэрхэхийг хэлэлцэн мэтгэлцэж, УИХ шийдвэрээ гаргадаг баймаар. Бид ч хийсэн дүгнэлт, хэлсэн үгээ нарийн шүүлтүүрээр тунгаалгаж, инстүүцийнхээ хувьд чангармаар байна.
Илтгэлийг УИХ-ын нэгдсэн чуулганаар маргааш хэлэлцэнэ. Сэтгүүлчид, олон нийт анхаарлаа хандуулахыг хүсье. УИХ-ын гишүүд маань илтгэлийн бүлгүүдийн дүгнэлт, тавьсан саналыг цаг гарган уншиж, “сүрийг үзүүлж, дүрийг эсгэсэн” биш, хариуцлагатай, ажил хэрэгч асуулт асууж, биднийг “шарж” өгөхийг хүсье” гэжээ.
Комиссын гишүүний санаачилгаар болон иргэдээс ирүүлсэн гомдол мэдээллийн мөрөөр 2021 онд хийсэн хяналт, шалгалт болон судалгаа, дүн шинжилгээ, төрийн байгууллагуудын албан ёсны мэдээлэл, хөндлөнгийн бусад судалгаа, эх сурвалжид үндэслэн Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлийг Ковид-19 цар тахлын хүний эрх, эрх чөлөөнй сургамж, жендэрийн эрх тэгш байдал ба хүний эрх, хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал, гэр бүлийн хүчирхийллээс ангид байх эрх, цэргийн алба хаагч хоорондын дүрмийн бус харьцааны нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээ, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжид хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээ зэрэг зургаан бүлэг асуудлын хүрээнд боловсруулсан байна.
Б.Ирээдүй