Нийслэлийн Засаг даргын Авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн Дэлхийн банкны Зүүн Ази Номхон далайн тээврийн менежер Бенедикт Л.Ж.Эйберген, Монгол Улсыг хариуцсан ахлах эдийн засагч Жан Паскаль Нгусса Нгану тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр нийслэлд хэрэгжиж эхлээд буй Улаанбаатар хотын Тогтвортой авто зам, тээвэр төслийн талаар санал солилцсон юм.
Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Одсүрэн Улаанбаатар хотын дэд бүтцийг хөгжүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах, авто замын сүлжээг сайжруулахад дэмжин ажиллаж ирсэн Дэлхийн банканд талархал илэрхийлэв. Мөн талуудын хамтын ажиллагаа нэн чухал болохыг онцолж байлаа.
Тэрбээр “Сүүлийн 30 жилд Улаанбаатар хотын хүн ам гурав дахин өсөж 1.6 саяд хүрсэн бол автомашины тоо дөрөв дахин өсөж, жилд дунджаар 80 мянган тээврийн хэрэгсэл нэмэгдэж байна. Нийслэлийн өмнө тулгамдаж буй нэн яаралтай шийдвэрлэх гол асуудал бол замын түгжрэл юм. Иймд Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Улаанбаатар хотын шинэ тойрог зам, Тулгуурт байгууламж бүхий хөнгөн галт тэрэг, нийтийн тээврийн парк шинэчлэлтийн төслүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Улаанбаатар хотын Тогтвортой авто зам, тээвэр төслийн тухайд төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний ажлын даалгавруудыг боловсруулж, сонгон шалгаруулах бэлтгэлийг хангасан. Энэхүү төсөл нь таван жилийн хугацаанд амжилттай хэрэгжиж Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад үнэтэй хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна” хэмээв.
Дэлхийн банкны Зүүн Ази Номхон далайн тээврийн менежер Бенедикт Л.Ж.Эйберген Нийслэлийн Засаг даргын орлогчтой санал нэгдэж, Улаанбаатар хотын Тогтвортой авто зам, тээвэр төслийн талаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр тус төсөл нь нийслэлд шинэ гудамж, замуудыг байгуулан, авто зам, тээврийн тогтвортой цогц тогтолцоог бий болгох замаар замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, авто замын аюулгүй байдлыг сайжруулах, хотын зам тээврийн салбарт шаардлагатай стратегийн судалгаа хийх, салбарын чадавхыг бэхжүүлэхэд онцгой чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг онцолж байв.
Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР