Хүүхдийг магтах тусам урам зоригтой, өөртөө итгэх итгэлтэй болдог. Хүүхэд олон шалтгааны улмаас сурлагаар хоцорч хичээлдээ дургүй болдог. Хичээлд дургүй хүүхэд хичээл дээр өөр зүйл хийж энэ нь багшийн зохион байгуулж буй хичээлийн үр дүнг бууруулдаг. Энд л багшийн мэргэжил, ур чадвар, сэтгэл зүрх юу юунаас илүү чухал хэрэгтэй болдог. Ийм хүүхдийг багш өөрийнхөө төрүүлсэн хүүхэд шиг хайрлах хэрэгтэй бөгөөд хоцрогдуулж ялгаж орхигдуулж хэрхэвч болохгүй. Ийм хүүхэдтэй ажиллах хамгийн сонгомол арга бол итгэж урамшуулах юм.
Итгэж урам өгөх алхам
1. Багш хүүхдэд итгэх
Энэ тохиолдолд: /Чи тэгэх хүүхэд биш дээ, Санамсаргүй байдлаар ингэчихлээ, Ер нь алдаа гаргадаггүй хүн гэж байдаггүй, Харин дахин ийм үйлдэл хийхгүй гэдгийг багш нь маш сайн мэдэж байна/ гэх мэтээр багш өөртөө болон тэр хүүхдэд итгүүлнэ.
2. Хүүхэд өөртөө итгэх
Би зөв үйлдэлтэй сайн хүүхэд гэдгийг хүлээн зөвшөөрөх. Хүүхэд ч бай ер нь хэн ч бай би муу хүн болъё, муу зүйл хийе гэж боддоггүй. Харин томчууд бид л хүүхдийг гомдоож ялгаварлаж өөрөөсөө хөндийрүүлж түлхдэг юм. Ингэчхээд үүнийгээ анзаарч мэдэхгүй явж байдаг.
3. Ангийнхан болон бусад хүүхдүүд тэр хүүхдэд итгэхэд багш туслах
Багш нартаа зэмлүүлдэг, үл ойшоогддог хүүхэдтэй бусад хүүхдүүд найзлахыг хүсдэггүй. Иймд хүүхдийг хүүхдүүд дотор нь магтаж бусдад итгүүлэх нь чухал.
4. Эцэг эхчүүд хүүхдэдээ итгэх
Зарим эцэг эхчүүд хүүхдийн алдааг харж түүнийг нь зарлах, дахин дахин анхааруулж сануулж түүнийгээ хүүхдээ хүмүүжүүлж байна гэж боддог. Иймээс багш нар эцэг эхэд нь магтаж урамшуулахын давуу тал ба энэ аргыг хэрхэн хэрэглэх талаар зөвлөгөө өгч байх хэрэгтэй.