Ажил олгогч эздийн холбооны гүйцэтгэх захирлын орлогч Н.Нарангэрэл “Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт зөрүүтэй, алдаатай байгаа. Эрэлтэд нийцсэн өндөр боловсролтой ажилтан Монголд бэлтгэгдэж чадахгүй байна. Бас тэдэнд чин хүсэл эрмэлзлэл, хөдөлмөрийн гоо зүй алга. Залуус сургуулиа төгсөөд лангуу түрээслэгч, эсвэл худалдагч болдог. Энд төрийн бодлого алдагдсан” хэмээн ярьжээ. Ийм байдал бодит амьдрал дээр ямар байгаа талаар сурвалжлахаар Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийг зорьсон юм. Ингээд тус хэлтсийн Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, ажилд зуучлах үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Ц.Тунгалагаас зарим зүйлийг тодруулав.
Ц.Тунгалаг: Ажил хайж буй иргэдийн ихэнх нь шинээр төгсөгчид болон цомхтголд өртсөн иргэд байна
(Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, ажилд зуучлах үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн)
-Сүхбаатар дүүрэгт идэвхтэй ажил хайж байгаа хичнээн иргэн байна вэ. Ихэвчлэн ямар ажлын байрны санал ирдэг вэ?
-Сүхбаатар дүүрэгт идэвхтэй ажил хайгч 1350 иргэн байгаа. Ажлын байрны захиалгын хувьд улирлаасаа хамаараад аялал, жуулчлалын, амралт, сувиллын чиглэлд орон нутгаас ажлын байрны захиалга ирж байна. Харин хотод үйлчилгээний чиглэлийн ажлууд зонхилж байгаа. Гэхдээ энэ жил барилгын ажлын захиалга маш цөөхөн ирсэн. Уг нь өдийд барилгын ажил илүү зонхилдог.
Нүүрсний тээвэр эрхэлдэг компаниудад жолоочийн ажил нэлээд гарсан. Жолоочийн хувьд нээлттэй 240 ажлын байр байна. Энэ мэт нээлттэй ажлын байр хангалттай байгаа боловч амралт, зугаалгын улирал эхэлсэн учраас яг өнөөдөр ирж ажил хийх хүн ховор байна.
-Ихэвчлэн ямар хүмүүс идэвхтэй ажил хайж байна вэ?
-Энэ жил ажил хайж буй иргэдийн тоо өссөн. Сургуулиа төгссөн төгсөгчид болон орон тооны цомхтголоос болж халагдсан хүмүүс багагүй хувийг эзэлж байна. Ер нь их, дээд сургууль төгссөн хүүхдүүдэд ажил олддоггүй. Тэд сургуулиа төгсөөд жил болоод л үйлчилгээний ажил руу ордог шүү дээ.
Төгссөн сургуулиас нь бас шалтгаалж байх шиг байна. Түүнчлэн хөдөө, орон нутгаас хотод ирж суурьшигчид ажил идэвхтэй хайдаг. Гэхдээ энэ жил шилжилт хөдөлгөөн харьцангуй багассан юм уу даа гэж харж байна. Үүнээс гадна албан бус орлоготой хэрнээ ажилгүйчүүдийн тоонд ордог иргэд манайд цөөнгүй байдаг. Ажлын байр санал болгохоор өнөөдөртөө хийхгүй гэдэг. Тэд татвар төлөхгүй, нийгмийн хариуцлага хүлээдэггүй.
-Танай дүүргээс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр ямар ажил хийж байна вэ?
-Манайд ажлын байрыг дэмжих 3-5 сая төгрөгийн санхүүжилттэй таван хөтөлбөр хэрэгжиж байна. Одоогийн байдлаар 90 гаруй төсөл ирчихээд байгаа. Үүнд манай дүүргээс 203 сая төгрөгийн санхүүжилт хийгдэнэ гэсэн юм. Улаанбаатар хотын хүн амын багагүй хувийг хамардаг Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн ийнхүү ярилаа.
Өнөөдөр их, дээд сургууль төгссөн бүх залуус хуульч, эдийн засагч болохгүй нь лавтай. Чадалтай нэг нь ажлын байран дээр гарч, чадалгүй нэг нь зах зээлээс арчигдаж орхидог. Ингээд зарим нэг нь амьдралын төлөө харь орныг зорьж, зарц боолын ажил хийж байгаа нь Монголын эмгэнэл гэлтэй.
Тэднийг харь оронд хөдөлмөрөө шулуулж байх хооронд эх оронд нь ажиллах хүчний орон зай ангал мэт хоцров. Төрийн зүгээс ажлын байрыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийг дэмжих талаар олон жил ярьсан боловч одоо болтол амжилтад хүрээгүй байна. Энэ талаар Шинжлэх ухааны академийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн секторын эрхлэгч доктор, профессор А.Даваасүрэн ийн ярьж байна.
Д.Даваасүрэн: Төрөөс аж үйлдвэржилтийн бодлогыг яаралтай хэрэгжүүлэх хэрэгтэй
(Шинжлэх ухааны академийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн секторын эрхлэгч, доктор, профессор)
-Монголд ажилгүйдэл их байгаа нь жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дэмжих бодлого нь тууштай биш байсантай холбоотой. Монголын ажилгүйдлийн төвшин 9.1 хувьтай байна. Энэ нь бусад улс орноос 3-5 дахин илүү байна гэсэн үг. Үүнийг бууруулахын тулд төрийн аж үйлдвэржилтийн бодлогыг яаралтай хэрэгжүүлэх хэрэгтэй.
Үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдээ татвар, мөнгө, зээл, гадаад худалдааны бодлогоор дэмжих ёстой. Ийм зохицуулалтыг одоо болтол хийхгүй байгаа учраас ажилгүйдэл газар авч, ядуурал улам бүр нэмэгдсээр байна шүү дээ.
-Монголбанк мөнгөний зөөлөн бодлого баримталж, бодлогын хүүгээ хоёр хувь бууруулсан. Ингэснээр ажилгүйдлийн төвшин тодорхой хэмжээгээр буурна гэж тэд хэлсэн. Түүнчлэн инфляц бага зэрэг өсөөд байгаа. Энэ нь ажилгүйдлийг буруулах арга мөн үү?
-Монголбанкны бодлогын хүү хоёр хувь буурснаар ажилгүйдэл багасна гэдэг ойлголт байхгүй. Харин бодлогын хүү буурснаар арилжааны банкуудын зээлийн хэмжээ нэмэгдэж, хүү нь давхар буурдаг. Ер нь эдийн засагт мөнгөний хэмжээ нэмэгдэхээр инфляц бага зэрэг өсдөг. Эцсийн дүндээ бизнес эрхлэгчдэд ирэх ачаалал багасдаг.
Тэр хэмжээгээр ажилгүйдэл буурдаг жамтай. Харин бодлогын хүүг хоёр хувь бууруулснаар ажилгүйдэл шууд багасна гэдэг зүйл байхгүй. Эдийн засгийн суурь болсон боловсруулах салбар, үйлдвэрлэл манай улсад байхгүй байгаа энэ үед ажилгүйдэл буурахгүй гэсэн юм.
Тэгвэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хэлтсийн дарга С.Дамбий “Монголд салбар дундын уялдаа холбоог хангаж чадахгүй байсаар ирсэн. Тиймээс манай яам хажуудаа судалгааны байгууллагатай болсон. Судалгаанд суурилж зах зээлд эрэлттэй байгаа ажил мэргэжлийг олж тогтоон, Боловсролын яаманд захиалга өгдөг болно.
Өрхийн үйлдвэрлэл, бичил бизнесийг дэмжих зорилгоор иргэдэд Итгэлийн зээл олгож байгаа. Өнөөдөр Монгол Улсад хүн амын цонхны үе нээгдсэн. 20 жилийн дараа энэ цонх үе хаагдаж, тэтгэврийн нас руу шилжинэ. Энэ үед хөдөлмөр эрхэлдэг хүмүүс, тэтгэврийн насны баланс алдагдаж, ажиллах хүчний оролцооны төвшин буурна. Эдийн засгийн идэвхгүй хүн ам нэмэгдэнэ. Үүнийг одооноос харж төрөлтийг дэмжих хэрэгтэй” хэмээн МҮОНТ-д өгсөн ярилцлагынхаа үеэр хэлжээ. Тэгвэл Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбатын байр суурийг хүргэе.
С.Эрдэнэбат: Оюутолгойд 1000 гаруй гагнуурчин хэрэгтэй болоход манайд байгаагүй
(Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд ерөнхийлөгч)
-Өнөөдөр 25-35 насны залуучууд хүн амын 60 хувийг бүрдүүлдэг гэсэн тоо баримт байдаг. Үүнийг “Цонх үе” гэж нэрлэдэг. Гэвч эдгээр хүмүүсийн хөдөлмөрийг улс бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байна шүү дээ. Ингээд ихэнх нь гадаад руу ажиллахаар явж байна. Үүн дээр та ямар байр суурьтай байдаг вэ?
-Хүнд үед ажлын байраа хадгалж, ажилчдынхаа цалинг нэмсэн компаниудыг төрийн бодлогоор дэмжих хэрэгтэй. “Оюутолгой”-г анх үйл ажиллагаа явуулахад нь бид “Монголчуудын цалин сая төгрөгөөс эхлэх хэрэгтэй” гэдэг шаардлага тавьж байсан.
Оюутолгойд 1000 гаруй гагнуурчин хэрэгтэй болсон. Тэдгээр гагнуурчид нь манайд байгаагүй. Өмнө нь эдгээр гагнуурчдыг бэлтгэх ёстой байсан байхгүй юу. Энэ мэтчилэн алдаанууд бий. Ядаж үүнийгээ засах хэрэгтэй. Тогтвортой, зохистой ажлын байрыг бий болгохын тулд олон зүйл хийх хэрэгтэй. Үүний тулд хамтын гэрээгээр шийдэж чаддаг байх хэрэгтэй. Долоо хоног ажлуулчихаад ажлын байр нэмэгдүүлчихлээ гэж жилийн эцэст хөөсрүүлэн тоолоод байж болохгүй.
-Тэгээд ажлын байрыг яаж нэмэгдүүлэх ёстой юм бэ?
-Гаднаас ирэх ажиллах хүчнийг багасгах хэрэгтэй. Нэг гадаад ажилчныг таван монгол ажилтан дагаад ноу-хауг нь сурч авах хэрэгтэй. Манай барилгын ажилчдын цалин амьдралд нь хүрэлцдэггүй. Тэгээд л гутарч эхэлнэ дээ. Манай төр, засгийнхан “цалин нэмбэл улс орон дампуурна” гэдэг. Гэтэл цалингаа 10-30 хувиар нэмэгдүүлээд явж байгаа байгууллага байна шүү дээ. Дээрээс нь төр авах ёстой татвараа авч чадахгүй байна.
Тэгэхээр манай үйлдвэрчний эвлэлийн байгууллагын гол зорилго шударга байхыг хүсдэг. Өнөөдөр төрийн байгууллагуудад маш буруу жишиг тогтоод байна. Нэг нам гарахаараа төрийн албан хаагчдыг олон мянгаар нь халдаг, сүүлдээ бараг өшөө авалтын цикл мэт болсон.
Хамгийн хамгаалалтгүй хүмүүс ажлаас халагддаг. Юу ч мэдэхгүй цүнх барьчихсан, улс төрийн намд хэдэн сар гүйсэн нөхөр яаманд бодлого тодорхойлоод сууж байна шүү дээ. Наад зах нь намууд ширээний ард сууж байгаад “Өшөө авалтын сэдэлтэйгээр ажлаас халахгүй” гэсэн тохироо хийх хэрэгтэй. Энэ тал дээр үйлдвэрчний эвлэлийн байгууллага олон удаа шаардлага тавьж байсан, цаашид ажилчидтай хамт хүчтэй ажиллаж буруу жишгийг засах ёстой.
-Монгол банкны бодлогын хүү буурсантай холбоотойгоор ажилгүйдэл буурна гэж байгаа. Энэ хэр үндэслэлтэй вэ?
-Онолын хувьд тэгж үздэг ч шууд буураад эхэлнэ гэж үзэж болохгүй л дээ. Мөнгөний хүү буурч мөнгөний нийлүүлэлт нэмэгдэх үед эдийн засаг тэлж эхэлдэг учир ажлын байр нэмэгдэнэ гэж тооцож байгаа байх. Гэхдээ нөгөө талд инфляцийг хөөрөгддөг. Манай улсад мөнгөний хүү дэндүү өндөр.
Төгрөгийн ханш сүүлийн жилүүдэд огцом унасан. Хүү буурахаар ажилгүйдэл буурна гэх ерөнхий хүлээлтээс илүү ажлын байр олноор бий болгох салбар, аж ахуй нэгжүүдийн төслүүдийг санхүүжүүлэх, түүнийгээ дагаад хариуцлагажуулах нь чухал. Том төсөл гээд гадаад ажилчдыг хэдэн мянгаар нь оруулж ирэх нь маш буруу.
-Орон тооны цомхотголоос болж олон иргэн ажилгүй болсон гэж байна. Эдгээр иргэд танайд хандсан уу.
-Эдийн засаг хүндэрч, аж ахуй нэгж байгууллагууд өрийн сүлжээнд орж бие биенээ татан унагааж байна. Үүнээс хамаарч ажлын байр буурч байна шүү дээ. Манай байгууллагад олон иргэн хандаж байгаа. Гэхдээ шалтгаан янз бүр. Ялангуяа төрийн алба засаг солигдох бүрт халаа, сэлгээ хийдэг. 180 мянган албан хаагчийн арван хувийг халлаа гэхэд л ажилгүйдлийн түвшинг 1-2 орчим пунктээр өсгөнө шүү дээ.
“Хүн амын цонх үе”-ийг ашиглаж, хөгжилд хүрсэн улс орон олон байдаг
Хүн ам зүйн цонхны таатай үетэй холбогдох тоо баримт дурдвал, 1970-аад оны дунд үеэс буурч эхэлсэн төрөлтийн төвшин 1990-ээд оноос эрчимжсэн бөгөөд 2000-аад оны дунд үеэс харьцангуй тогтворжжээ. 1979 онд манай улсын хүн амын 44.3 хувь нь 0-14 насны хүүхэд, 48.5 хувь нь 15-59 насны хөдөлмөрийн насны хүн ам байсан бол 2008 оны байдлаар 28.1 хувь нь 0-14 насны хүүхэд, 65.8 хувь нь 15-59 насны хүн ам болж, хөдөлмөрийн насны хүн амын эзлэх хувь эрс нэмэгдсэн байдаг байна. Энэ нь хүн амын цонхны таатай үе эхэлснийг харуулж байгаа юм.
Манай улсын хувьд хөдөлмөрийн насныхны нийт хүн амд эзлэх хувь 2025 оныг хүртэл 66.4 хувиас буурахгүй, хүн ам зүйн цонхны үе манай оронд 2025-2030 онд тохионо хэмээн судлаачид тогтоосон байдаг. Харин үүнээс хойш шинээр төрөх хүүхдийн тоо цөөрч, өсөлт удааширч, иргэдийн дундаж нас өндөрсөн аажимдаа тэтгэврийн насны хөгшид жил ирэх тусам олширно гэсэн үг.
Тиймээс төр засгийн зүгээс хүн ам зүйн цонхны таатай үеэ ашиглаж, томоохон хэдэн үйлдвэр барьж яагаад болохгүй гэж. “Хүн амын цонх үе”-ийг ашиглаж, хөгжилд хүрсэн улс орон олон байдаг гэдгийг эрдэмтэд хэлдэг. Энэ үе дуусахад дор хаяж 20 жил байна. Ангайж суутал хүн ам нь хөгширч, ажил хийх хүн олдохгүй болох эмгэнэлтэй байдалд хүрэх вий.