Хөгжил дэвшлийг бид бий болгож чадна. Бид зоригтой, хүчтэй, ухаантай байх хэрэгтэй юм байна. Хамгийн гол нь бид хоёр зүйлийг л маш сайн анхаармаар юм байна гэж Монголын Бурхан шашинтны төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам Хамба номун хан, гавж Д.Чойжамцтай өдрийн сонинд өгсө ярилцлагандаа онцолжээ.
Тэрбээр “
Нэгдүгээрт, ёс зүйн хүмүүжлийг дээд зэргээр авч явах хэрэгтэй. Ёс зүйгүй бол худлаа хэлдэг, хулгай хийдэг, бусармаг үйл хийдэг бол дэлхийн олон түмэн биднийг үзэхгүй нь ээ. Би хамаагүй. Тэнд гурван сая монгол байгаа. Би гадаадад явж байгаа хүн гээд янз бүрийн бусармаг юм хийхэд тэрнийг сэргийлэх аваачаад байцаагаад монгол хүн гээд мэдээллийн хэрэгслээр зарлаж, хүмүүс мэдчихвэл монголчуудыг ад үзээд эхэлдэг.
Гурван сая хүнийг хаана ч гишгэхийн аргагүй болгож, нүүр царайг нь баллаад хаячхаж байгаа юм. Ийм байдал үүсдэг. Тийм учраас ёс зүйн хүмүүжилтэй бол хаана ч очсон хууль, дүрмийг нь баримталж, хэм хэмжээгээ мэдэж, ёс зүй баримталбал бидэнд гаднынхан итгэх юм байна. Монгол дотроо байгаа нь ч тэр гадаадын улсуудтай харьцахдаа ёс жудагтай байвал дараагийн хөрөнгө оруулалт, дараагийн хөрөнгө оруулагч, мөнгө санхүүжилт, гэрээ хэлцэл ямар ч зовлонгүй орж ирнэ. Монголчуудтай хамтраад юм хийчихвэл баталгаатай даа гэдэг ганц үг дэлхийд мэдэгдэхэд л бид бүгдээрээ буцаад сэргэх юм.
Ёс жудагтай байна гэдэг бол хувь хүнээс авхуулаад албан байгууллага, гадаад дотоод хүнтэй харьцаж байгаа бүх хүнд хамаатай. Ингэж чадлаа л бол дэлхий монгол хүнийг хүндэлдэг болж, монгол хүн, монгол байгууллага гадаадад очоод зээл тусламж авах, төсөл хэрэгжүүлэх, үйлдвэр байгуулахад дэмжлэг хүсэхэд хэн нь ч гүйж ирээд л туслаад өгөх юм байна даа. Тиймээс ёс зүй бол Монголын нийгэмд гарцаагүй хэрэгтэй болчихсон юм байна.
Хоёрдугаарт, мэдлэг. Ер нь улс орон гэдэг бол малаа ч хариулдаг, гудамжаа ч цэвэрлэдэг, машин тэргээ ч барьдаг. Бүх л ажлаа хийж байж улс орон болдог. Цөмөөрөө дарга болдог улс гэж байхгүй. Тийм учраас боловсролын сонголт маш нарийн байх хэрэгтэй байна. Хийж чаддаг, дуртай дуртай ажилд нь хүмүүсээ сургаж тавих, мэдлэгтэй болгох. Тухайн ажилд мэдлэгтэй хүн очихтой зэрэг хөгжил дэвшил ирээд байна. Бүх ажил мэдлэг дээр суурилж байна. Малчин, фермерээс эхлүүлээд дээшээ дарга нь ч мэдлэгтэй байх хэрэгтэй.
Боловсролыг дээд зэргээр хүртэх, мэдлэгтэй болох, боловсролтой болох энэ ажлыг ёс зүйтэй хавсарч хийх. Энэ хоёр хослоод ирэхээр Монгол орны иргэд нь гологдохгүй. Мэдлэг, ёс зүй, хүнлэг чанараараа ч гологдохгүй болоод ирэхээр дэлхийн бүх улс оронд хаана ч очоод ажиллалаа гэсэн ч, хаа ч амьдарлаа гэсэн ч, хаа ч очоод хамтран ажиллах гэрээ байгуулъя гэсэн тэр болгон нь хар аяндаа бүтэх боломжтой болох юм байна.
Тэгж чадахгүйгээр ирсэн хүн болгоныг дээрэмдээд, ирсэн хүн болгоныг хожоод, ирсэн хүн болгоныг хуураад эхэлбэл монголчуудад итгэж болохгүй гээд л тэр хүн ганцаараа биш, дэлхий нийтээрээ тэгж зарлагдана. Дэлхийд зарлагдаад ирэхээр бидний ажил тэртэй тэргүй хумигдах л юм байна. Тиймээс бид бүгд хичээцгээе” гэжээ.