“Ээждээ бичсэн захидал” улсын долоодугаар уралдааны “Тусгай байр”-ын захидал
Бодолд минь үргэлж та минь байж, зүүдэнд минь үргэлж та минь харагдаж, судсаар минь таны цус гүйж байгаа энэ цаг хугацаанд ээж таныгаа гэсэн миний сэтгэл хэзээ ч хувирч байгаагүй юм шүү. Таныгаа “ээж ээ” гэж дуудахыг хэчнээн жил хүлээж байна гээч. Ээж ээ би таныхаа энгэрт тань наалдаж ганцхан удаа ч болов тэврүүлэхийг ямар их хүсдэг байсан гэж бодно. Ганц удаа ч болов гудамжаар ээж охин хоёр шиг хөтлөлцөөд дэлгүүрээс дуртай зүйлээ авахуулж, амттан хамтдаа идээд, аваад өгсөн хувцасыг чинь өмсөхийг ямар их мөрөөддөг байсан гэж бодно.
Ангийнхаа хүүхдүүд болон багшдаа энэ миний ээж, сайхан эмэгтэй байгаа биз, найзуудаа надтай адилхан байна уу гэж асуухыг ямар их хүсдэг байсан гэж бодно. Ээж ээ, та намайг хэдийгээр ангир уургаа хөхүүлж элгэндээ тэвэрч ганц шөнө боловч өндийж суугаад хуурайлж хөхөө өгч хонож байгаагүй боловч охин нь тандаа үргэлж баярлаж хайрлаж дотроо биширч явдаг юм шүү.
Яагаад вэ гэвэл, “хүмүүний энэ орчлонд хөл тавьж амьдарч яв” гэж миний ээж дөнгөж 16-хан насандаа өөртөө байж боломгүй зориг гаргаж намайг 10 сар тээж хүйн холбоогоор холбогдсон энэ сэтгэлийг яаж би хариулж чадах билээ. Ийм ч учраас би гэдэг хүн хорвоод мэндэлж, орчлонгийн тоосыг хөдөлгөж яваадаа баярлаж явдаг юм шүү. Та минь цэцэг шиг хөөрхөн үедээ намайг төрүүлж, үеийн найз нөхдөөсөө нуугдаж, нутгийн ард иргэдээс ичиж, намайг дөнгөж төрүүлээд эх барьж авсан ээжийн эгч болох хөгшинд өргүүлээд хотруу буцаж байсан гэдэг.
Цаг хугацаа харавсан сум мэт өнгөрч нэг мэдэхэд би 14 нас хүрсэн байлаа. Дээрээ хоёр эгч нэг том ахтай айлын бага охин болсон байлаа. Гэвч миний хүүхэд нас үргэлж жаргалтай дэврүүн байсангүй. Харин би ухаан орсон цагаасаа хойш таныгаа миний ээжийн дүүгийн охин гэж боддог байлаа. Санаандгүй ээж, том ах хоёрынхоо надаас болж муудаж байсныг сэм сонсож, тэр хоёрын ярианаас та миний төрсөн ээж болон хувирч байгааг охин нь тэр үед мэдсэн билээ.
Том ах таныг “Хар нялхаараа эцэггүй хүүхэд төрүүлж, түмний шившиг болсон” гэж муулаад, өсгөсөн ээжийг минь “Та ийм хүний хүүхдийг авч өсгөлөө. Эх нь шийр алаг бол хүү нь хээр алаг. Бас л эх шиг ээ арчаагүй хүн болно” гэж хэлээд их л уурлаж билээ. Энэ үеэс эхлэн миний амьдрал утгагүй санагдаж өөрийн эрхгүй нүдний нулимс хацар даган урссан. Таныг үзэн ядах сэтгэл минь дийлж, намайг өөрийнхөө ээж, ах эгчдээ өгч болоогүй л юм байх даа. Намайг ингэж зовоох байсан юм бол яах гэж төрүүлсэн юм бэ? гэж өөртөө асуулт тавьж гомдох сэтгэл дийлж билээ.
Энэ үеэс эхлэн миний бараан амьдрал эхэлж, би энэ айлын нэргүй зарц болон хувирсан юм. Удалгүй том ах сургуулиа төгсөж эхнэр авч хөдөө явав. Удахгүй хоёр эгч нөхөрт гарч ар араасаа хүүхэд гаргаж миний ажил улам их болсон.
Харин энэ бүхэн одоо ард хоцорч би сайн ханьтай, охин хүү нийлсэн дөрвөн хүүхдийн ээж болж, амьдрал минь өөдлөн дэвшиж, юугаар ч дуталгүй сайхан амьдарч аз жаргалтай байна аа ээж ээ. Ээж ээ, би тандаа үргэлж баярлаж явдаг шүү. Таныгаа муу муухайгаар бодож байсан тэр богинохон бодлыг минь уучлаарай. Охин нь таныгаа үргэлж сэтгэлдээ тээж зүрхэндээ бодож явдаг юм шүү.
Захидал бичсэн: СХД-ийн иргэн Ц.Батзаяа