УИХ-ын чуулганы баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнгээс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар тавьсан асуулгын хариуг сонслоо. Энэ талаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл хийв.
УИХ-ын гишүүд 2021 онд 55 хүүхэд хорт хавдрын өвчлөлөөр нас барсан тоон мэдээлэл байгааг тодотгоод хүүхдийн хорт хавдраар өвчилж буй шалтгааныг бууруулахад авч хэрэгжүүлэх арга хэмжээ, эрт илрүүлэг үзлэгийн явц байдал, “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн үр дүнгийн талаар илүүтэй лавлаж байлаа.
Эрүүл мэндийн яамны Бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Буянтогтох хариултдаа, 2002 оны тавдугаар сарын 01-нээс эхэлсэн эрт илрүүлгийн үзлэгийн явцыг өчигдрийн байдлаар авч үзвэл 170 гаруй мянган хүн хамрагдаад байгаагийн 70 гаруй мянган хүнд өвчлөл бүртгэгдсэн байна. Бидний хувьд монголчуудад зонхилон тохиолддог найман төрлийн хавдрыг эрт илрүүлгээр илрүүлэхээр зорьж байгааг онцолсон. Мөн тэрбээр, 2016 оны байдлаар нийт хавдрын өвчлөлийн 39.1 хувь нь элэгний хавдар байсан бол 2021 оны жилийн эцсийн дүнгээр 32.7 хувь болсон. Өөрөөр хэлбэл, хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээр нийт хавдрын эзлэх хувьд элэгний хавдар 6.4 хувиар буурсан нь үр дүн сайтай байна гэж үнэлсэн гэв.
Монгол Улсын хэмжээнд жилдээ 120-130 хүүхэд шинээр хорт хавдраар оношлогдож байгаа бөгөөд үүний дийлэнх хувийг цусны хавдар эзэлж байгааг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хариултдаа онцлоод үүнд хүнсний хэрэглээ, цаашлаад хүнсний сав, баглаа, боодол гээд маш олон хүчин зүйлс нөлөөлдөг тул нийгмийн хөгжлөө дагаж өвчлөл нэмэгддэг талтайг тодотгосон. Салбарын яамны зүгээс хорт хавдар үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлсийг бууруулахад бусад салбаруудтайгаа хамтарч ажиллахаар төлөвлөж байна. Энэ хүрээнд “Удам зүйн лаборатор”-ийг байгуулах буюу хүүхдийг эхийн хэвлийд байхад нь оношлох лабораторийг нэмэгдүүлэх, чадавхыг сайжруулан ажиллаж байна хэмээлээ.