Нотариатын үйлчилгээг тойрсон шүүмжлэл, сэтгэгдлүүд сүүлийн үед олшрох болов. Учрыг ухаж, учгийг хөвөрдвөөс угт нь манай хүнд суртал, хэнхэг хэнээ зэргээс үүдэлтэй элдэв зөвшөөрөл, шат дамжлага, дүрэм журамтай холбоотой байх аж. Бүхнийг, тэр байтугай өөрийгөө хүртэл нотариатаар батлуулаад ир гэдэг манай тогтолцооны гажгийг өнөөдөр хүн бүр эгдүүцэж, тэр нь эцэстээ нотариатын үйлчилгээг эсэргүүцэх, үгүйсгэх янз байдалтай болж ирэв. Үнэхээр ч монголчуудын нотариатаар батлуулдаг бичиг баримт, гэрээ хэлцэл, гэрчлэл шаардсан үйлчилгээнүүдийн дунд хэрэгцээгүй, шаардлагагүй баталгаажуулалт цөөнгүй бий. Түүний нэг нь өөрөө иргэний үнэмлэхээ барьж очоод, төрийн үйлчилгээ авах гэхэд өмнөөс нь иргэний үнэмлэхний хуулбар шаарддаг. Түүгээр зогсохгүй, тэрхүү хуулбараа заавал нотариатаар батлуулсан байх шаардлагыг хэвшүүлжээ. Эрүүлээр тунгаавал, энэ нь илүүцээс гадна өөр энгийн байдлаар шийдэх бололцоотой үйлчилгээ юм. Тэр тусмаа цахим үндэстэн болох зорилт тавьж, иргэдийнхээ бүртгэл мэдээллийг бүрэн цахимжуулсан гэх өнөө үед нотариатыг энэ мэт болхи үйлд ашиглах нь тун ч ядмаг, гунигтай хэрэг.
Тиймээс нотариатын баталгаа шаарддаг зүйлсийн жагсаалтыг эргэн харж, зарим хэрэгцээгүйг нь болиулах учиртай. Тэгэхгүй бол сүүлдээ нотариатч гэх мэргэжлийн нэр хүнд, ажил үйлчилгээ шавартай хутгалдах нь. Нотариатчийг ердөө л бичиг баримтын хуулбар дээр тамга дараад, мөнгө уутлаад сууж байдаг хамгийн амар хялбар хэрнээ ашигтай бизнес гэж ихэнх хүмүүс боддог.
Тэгвэл нотариат гэгч хэчнээн чухал, хэрэгцээ шаардлага дээр тулгуурлан бий болсон чухал үйлчилгээ болох талаар цухас өгүүлье.
НОТАРИАТЧ ГЭЖ ХЭН БЭ?
Нотариатч бол өргөн хүрээний хуульч юм. Нотариатч бүр төрийн нэрийн өмнөөс ажилладаг. Янз бүрийн чиглэлээр маргаан гарахаас урьдчилан сэргийлэх, хэрэв маргаан байгаа бол зөрчилдөөнтэй нөхцөл байдлыг цаг тухайд нь шийдвэрлэх, ингэснээр та шүүхэд хандах шаардлагагүй болно. Тэр утгаараа олон улсад нотариатын үүргийг урьдчилан сэргийлэх шударга ёс гэж нэрлэдэг. Хуульчдын дунд “Шүүгчид маргаанаас төрсөн, харин нотариатчид энэ маргаанаас өмнө төрсөн” гэх хэлц байдаг ажээ.
Нотариатч, шүүгч хоёрын үүрэг хариуцлага төстэй. Аль аль нь л иргэн, хуулийн этгээдийн эрхийг хамгаалах, эрхийг тогтсон эрх зүйн хэлбэрээр баталгаажуулахын төлөө байдаг. Тэгвэл Монголд нотариатчийн үүргийг зөвхөн бичиг баримтыг баталгаажуулдаг хүн гэдгээр л төсөөлдөг. Нотариатыг хэрэглэж буй жишиг нь ч тэр л хүрээнээс халихгүй байгаа болохоор аргагүй юм.
Тэгвэл нотариатын үйлчилгээ нь иргэдэд ямар их ашиг тустайн зэрэгцээ ирээдүйд үүсэх их хэмжээний эрсдэл, алдагдлаас хамгийн хямд зардлаар сэргийлж болох гарц, зарим тохиолдолд аврагчийн үүргийг гүйцэтгэдэг. Нотариатч нь төрөөс тогтоодог эрх зүйн хамгаалалтыг хэрэгжүүлж, өв залгамжлал, гэрээ хэлцэл, баримт бичгийг гэрчлэх, эрх зүйн зөвлөгөө өгөх, Олон улсын гэрээ, конвенцийн дагуу баримт бичгийг хилийн чанадад илгээх, хүлээн авахад тухайн баримт бичгийг баталгаажуулахтай холбоотой үүргийг хүлээдэг ажээ.
Энэ нь мэдээж эргээд болзошгүй маргаанаас урьдчилан сэргийлж, үнэн зөв нотлох баримтыг бий болгох замаар иргэний эрх ашиг зөрчигдөхөөс хамгаалдаг. Цаашлаад нийгэмд үүсэх хууль бус үйл ажиллагаа, хэрэг зөрчил, шүүхийн маргааныг бууруулж байдаг ач холбогдолтой. Учир нь нотариатаар гэрчлүүлсэн аливаа үйл баримт, үйлдэл нь хууль зүйн факт болж, талуудын хооронд маргаан гарвал бүх шатны шүүх, хууль сахиулах бусад байгууллагад нотлох баримтын хэмжээнд үнэлэгддэг билээ.
Анхны нотариатчид эртний Египэтээс эхтэй. Гэхдээ өнөөгийн нотариатын хэв шинжээс арай өөр үйлчилгээ үзүүлдэг байжээ. Тэр үед агораномос гэж нэрлэгддэг хүмүүс хууль ёсны нотлох баримт цуглуулах, засах ажил эрхэлдэг байв. Харин нотариат гэдэг үг нэлээд хожуу эртний Ромд бий болжээ. Эзэнт гүрний хил хязгаар нэмэгдэхийн хэрээр бичиг баримтын урсгал ч нэмэгдсэн тул хууль, гэрээ хэлцлийг бүртгэж, хадгалах хүмүүс хэрэгтэй болжээ.
Олон улсад нотариатчдын тухай анх дурдсан нь XV зуунаас эхэлдэг. Тэд санваартнуудын хамт гэрээслэл, эд хөрөнгийн хандивтай холбоотой гүйлгээг баталгаажуулдаг байжээ. Харин Монгол Улсад 1922 онд Ардын Засгийн газраас “Элдэв гадаад дотоод пүүс хоршоо, хүн иргэний харилцан тогтоосон гэрээ бичгийг данснаа гэрчлүүлэн тэмдэглэх тухай дүрэм” гэдгийг баталж, нотариатын суурийг тавьсан гэж үздэг. 1925 онд Шүүх яамны харьяанд “Ерөнхий хэлтсийн гэрээ зэргийг гэрчлэх, батлах, хэргийг эрхлэх салаа” нэртэйгээ анх байгуулагдсан түүхтэй.
Өдгөө дэлхийн бүх улс орнууд нотариатын үйлчилгээг төрийн нэрийн өмнөөс эрх олгон хэрэгжүүлж байна. Ингэхдээ иргэдийнхээ биед авч явдаг үнэмлэх, бичиг баримтыг баталгаажуулах хэлбэрээр ашиглах нь ховор. Ихэнхдээ өв залгамжлалтай холбоотой баримтыг гэрчлэх үүргийг нотариатчид гүйцэтгэдэг байна. Нотариатын тогтолцоо нь бусад оронд төрийн болон хувийн хэвшлийн нотариат гэх хоёр хэлбэртэй байдаг. Хувийн нотариатууд маш олон ч тэд зарим гэрчлэл, баталгаажуулалтыг хийдэггүй. Жишээ нь өв залгамжлалыг гэрчилдэггүй. Өв залгамжлалын хэргийг зөвхөн төрийн нотариатууд гэрчилдэг байна. Тухайлбал, Беларусь улсад төрийн болон хувийн гэсэн хоёр хэлбэртэй нотариат байсныг Ерөнхийлөгч нь өв залгамжлалын хэргийг зөвхөн төрийн нотариатчид итгэмжлээд бусад үйлчилгээг хувийн нотариатуудад шилжүүлсэн аж. Ингэснээр нотариатын үйлчилгээ илүү сайжирч, хүнд суртал алга болжээ.
НОТАРИАТЧИЙН ЖИНХЭНЭ ХЭРЭГЦЭЭ ЮУ ВЭ?
Шаардлагагүй, илүүц баталгаажуулалт хийдэг гэдгээр дан ганц нотариатыг буруутгах нь өрөөсгөл ойлголт юм. Учир нь тухайн баримт бичгийг заавал нотариатаар баталгаажуулах шаардлагагүй атал тэгэхийг шаардаж буй төрийн байгууллага, банк, үйлчилгээний газруудын дүрэм журмаас тэр бүхэн үүсэлтэй. Төрийн байгууллагад аливаа баримт бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, эсвэл баримт бичгийн хуулбарыг хүссэн тохиолдолд нотариатын хийх ажлын цэсэнд тэр бүхэн багтахаас өөр аргагүй.
Жишээлбэл, та Шенгений виз мэдүүлэх гэж байна хэмээн төсөөлбөл энгийн хуулбарыг Элчин сайдын яам, консулын газарт хүлээж авахгүй. Хуурамчаар үйлдэх амархан тул баталгаа хаана байна гэх шаардлага нь зүй ёсных юм. Баримт бичгийг эх хувьтай нь бүрэн нийцэж байгаа эсэхийг баталгаажуулах нь маш хэрэгтэй гэдэг нь энэ жишээнээс харагдана.
Харин манай улсын одоогийн нөхцөлд иргэний үнэмлэх, ажлын газрын тодорхойлолт, оршин суугаа хаягийн тодорхойлолт гэх зэргийг заавал нотариатаар батлуулж авчир гэх шаардлага нь илүүц. Гэтэл зөвхөн нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс иргэдэд үзүүлж буй 182 төрлийн үйлчилгээний 29 нь бичиг баримтынхаа хуулбарыг нотариатаар баталгаажуулахыг шаарддаг юм байна. Үүнийг Су.Батболд хотын даргаар ажиллаж байхдаа цуцлах шийдвэр гаргасан ч аливаа захирамж шийдвэр газар дээрээ хэрэгжихгүй замхардгийн жишээ болоод дууссан. Нотариат хайж гүйх цаг зав хийгээд шаардлагагүй зардалд мөнгө төлөх нь хүнд суртлын нэгээхэн хэлбэр гэдэгтэй хэн ч маргахгүй.
Монголд нотариатчдыг ойлгохдоо бичиг баримтыг хуурамчаар үйлдэхээс сэргийлдэг л гэж боддог. Харин манайд иргэний үнэмлэх, эсвэл бусад тодорхойлолтыг хуурамчаар үйлдээд байх шаардлага ч бага, байлаа гэхэд манай нотариатчид түүнийг хуурамч эсэхийг магадлах, баталгаажуулах боломж хомс. Тиймээс л ядаж л хорооны тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар зэргийг нотариатаар батлуулдаг ядмаг байдлаа ор тас болих хэрэгтэй санагдана.
Нотариатч бол түүнээс хавь илүү чухал албатай улс байх учиртай. Монголчууд амьд хүний гэрч болсноос үхсэн хүний дэр бол гэдэг дээ. Тэгвэл нотариатчид тэрхүү амьд хүний гэрч гэгч үйлтэй ажлыг хийдэг хүмүүс.
Цаашлаад нотариачдын эрх олголт, ажлын байр, цагийн хуваарь, хүртээмж гээд ярьж, хөндөх асуудал энэ хүрээнд бишгүй олон. Ядаж л манай улсад амралтын өдөр ажилладаг нотариаттай байх наад захын эрэлт бий. Олон улсын стандартаар бол 15 мянган хүнд 1 нотариатч оногдох ёстой. Бүс нутгуудад 25-30 мянган хүнд 1 нотариат үйлчлэх ёстой гэж үздэг. Харин манайд хуульч, шүүгчээр ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан хүмүүс нотариат ажиллуулдаг жишиг тогтсон. Гэтэл гадаадад нотариатч нь өөр цалинтай ажил, албан тушаал хавсран гүйцэтгэхийг хориглодог байх жишээтэй. Монголд нийт нотариатчдын 44 хувь нь 50-иас дээш настай бөгөөд хамгийн өндөр настай нотариатч 80 настай гэнэ. Нотариатын үйлчилгээ нь тэтгэвэрт гарсан хойноо хийхэд хамгийн тохиромжтой ажил гэсэн хандлагыг эндээс харж болж байна.
Энэхүү нийтлэлийн зорилго болоод дэвшүүлж буй асуудал нь нотариатын тухай ойлголтоо Монголын төр нь ч, иргэд, бизнесийн байгууллагууд нь ч шинэчлэх, хэрэглэх арга өнцөгөө өөрчлөх болсон тухай юм. Нотариатаар гэрээ хэлцлээ баталгаажуулсан хэрнээ л алдсан, хохирсон хүмүүс Монголд олон бий. Баримт бичгийг нотариатаар баталгаажуулах нь захиргааны журмын нэг мөн боловч зарим шаардлагагүй нотариатын үйлчилгээг болиулах хэрэгцээ үүсчээ. Мэдээж нотариатгүйгээр барьцаалах, худалдах, хандивлах гэх мэт хэлцлүүд хууль ёсны хүчин төгөлдөр бус болно. Хэлцэлд орогч талууд шаардлагагүй эрсдэлтэй тулгарна. Гэхдээ ядаж бүртгэл мэдээлэл, лавлагаатай холбоотой бичиг баримтуудыг заавал нотариатаар батлуулах гэхгүйгээр ажил хэргээ хөтлөн явуулдаг болмоор байна. Манайхны нэг дутагдал нь аливаа дүрэм журам, нийтлэг жишгийг хэрэгжүүлэхдээ хэтрүүлдэг, тунг нь ихдүүлдэг байдал нотариат дээр ч давтагдав. Хэнхэг ихэдвэл хүнд суртал, явдал чирэгдэл л ихэсдэг жамтай билээ.
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл
1 comment
Зарим нь хэтрүүлэгтэй бичжээ