Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу “Амгалан” дулааны станцын зүүн хойд хэсэгт орших айл өрхүүд идэр есийн хүйтнээр усанд автан хүнд нөхцөлд өвөлжсөн. Эндхийн айлуудын хашаа байшин, гэр орон хөлдөж, хашаан дотор зогсох машины зөвхөн дээвэр хэсэг нь харагдаж байгаа. Иргэдийн мэдээллээр эндхийн булгийн ус өнгөрсөн оны 12 сарын сүүлчээс эхлэн хальж, мөн айлуудын дороос ус ундарч эхэлжээ.
Энэ газарт өнөөдөр (2017.03.04) Баянзүрх дүүргийн Засаг дарга Э.Бат-Амгалан ажилласан бөгөөд Газрын албаныхан түүнд “Энэ хэсэгт, булгийн эхэнд зөвшөөрөлгүйгээр шороо асган буусан 30 гаруй айл усанд автчихсан. Өнгөрсөн жилүүдэд айлуудыг яаралтай нүүж, булгийн эх, ногоон байгууламжийн газрыг чөлөөлөх шаардлага хүргүүлсэн ч огт биелээгүй” гэж танилцуулжээ.
Энэ өвөл Онцгой байдлын алба техник хэрэгсэл гаргаж ус соруулж, мөс ховхолж зайлуулах ажлыг цөөн биш удаа хийсэн гэнэ. Тэд зарим үед 24 цагаар ч ажиллажээ. Хүйтний ам цаашилж, хөхүүрийн ам наашилж байна. Мөс хайлахаар нөхцөл байдал улам хүндэрнэ гэж оршин суугчид Засаг даргад санаа зовж байгаагаа хэлжээ. Дүүргийн Засаг дарга тэдэнд “Даваа гаргаас эхлэн асуудлыг холбогдох байгууллагуудтай шуурхай хэлэлцэж, шийдэлд хүрнэ” гэж амласан байна.