Исламын улс бүлэглэлийн босогч нэгэн эр Хятадад цусан гол урсгана хэмээн мэдэгдсэн дүрс бичлэгийг интэрнэтэд байршуулжээ. Ирак дахь тус бүлэглэлийн босогчдын ашигладаг цахим хуудсанд тавьсан 30 минутын дүрс бичлэгт нэгэн эрэгтэйн амийг хөнөөж байгааг харуулсан байх ба мөн хөвгүүдийг байлдах урлагт суралцаж, винтов буу угсарч байгааг үзүүлжээ.
АНУ-ын тагнуулын байгууллага бичлэгийг орчуулсан ба “Хятадууд та нар хүмүүсийн ярьж байгааг ойлгодоггүй. Тиймээс Халифат улсын дайчид бид та нарт зэвсгийн хэлээр ойлгуулж, дарлагдаж байгаа хүмүүсийн өшөөг аван цусыг гол мөрөн мэт урсгах болно” гэж ярьсан талаар мэдээлжээ.