“Талын салхи” олон улсын мото фестиваль өнөөдөр буюу зургаадугаар сарын 11-нд Сүхбаатарын талбайд болох гэж байна.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар чуулга, “Монголын чопперчин ахан дүүс” НҮТББ-тай хамтран мотоцикл сонирхогчдын дунд уг фестивалийг зохион байгуулж байгаа талаар өмнө нь мэдээлсэн.
Фестивальд оролцогчид “Буянт-Ухаа” цогцолбор-Хүннү молл-Уулын зам–Наадам центр-Сүхбаатарын талбай гэсэн маршрутаар явах бөгөөд эдгээр чиглэлд 12:00-14:00 цагийн хооронд хэсэгчилж зам хаана.
Харин 14:30 цагаас Сүхбаатарын талбайд “Талын салхи” наадам нээлтээ хийнэ. Энэ үеэр ховор нандин мотоциклын үзэсгэлэн, үзүүлэх тоглолт, мотоцикл болон дагалдах хэрэгслийн худалдаа, хоол үйлчилгээ, циркийн үзүүлбэр, урлагийн тоглолт болох юм байна.
Энэ удаагийн фестивалийг “Эрүүл хүн-Архигүй Монгол” уриан дор зохион байгуулж байгаа бөгөөд орон нутгийн болон монгол туургатан улсуудын төлөөлөл 100 гаруй мотоцикл сонирхогчид оролцох юм.