Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид энэ амралтын өдрүүдэд “Ламбугайн нулимс” дуурийг толилуулах гэж байна. Их зохиолч Д.Нацагдоржийн “Ламбугайн нулимс” зохиолоос сэдэвлэн бүтээсэн энэхүү дуурийн цомнолыг ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн бичиж, хөгжмийг Төрийн шагналт Х.Билэгжаргал зохиосон юм.
“Ламбугайн нулимс” дуурийг урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган найруулан тавьж, анх 1986 оны тавдугаар сарын 10-нд тоглосон бөгөөд урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бүрэнбэх удирджээ. XIX зууны Монголын бодит амьдралаас сэдэвлэн зохиогдсон энэхүү дуурь нь хөгжмийн бүтээлийн хувьд театрын тайзнаа тоглогдож буй үндэсний шилдэг дууриудын нэг юм.
Бурхны үнэнч зарц, гэвш Лодон нэгэн өдөр санамсаргүй учирсан Цэрэнлхам хүүхэнд ухаангүй дурлан сэтгэл зүрх, эд хөрөнгөө харамгүй зориулна. Гэвч Цэрэнлхам зальжин, шуналт эхийнхээ зөвлөснөөр нэгэнт эхнэр авах боломжгүй лам хүний хайр сэтгэлийг хөсөр хаяж, баян залуутай заяа холбохоор шийднэ. Үүнийг мэдсэн Лодон гэвш шаналан уйлан гуйвч номын ёсыг зөрчсөн нь түмэн олноо ил болсон тул муу нэр зүүн, олны доог болсоор хүрээний гудамжинд уйлан үлдэнэ.
2022.06.11-ний дуурийн гол дүрд:
Лодон-ДБЭТ-ын гоцлол дуучин Л.Бүүвэйбаатар
Цэрэнлхам-ДБЭТ-ын гоцлол дуучин Ш.Наранчимэг
Эх-ДБЭТ-ын гоцлол дуучин Р.Доржхорол /МУГЖ/
Намнан-ДБЭТ-ын гоцлол дуучин М.Даваадорж /МУСТА/ нар гоцолно.