Монгол Улсын баруун хэсэгт баруун талаараа Ховд, Увс, хойд талаараа Тува улс, зүүн талаараа Хөвсгөл, Архангай, урд талаараа Баянхонгор, Говь-Алтай аймгуудтай хиллэдэг. Нутаг дэвсгэрийн хэмжээ 82.5 мянган хавтгай дөрвөлжин километр. 2010 оны байдлаар хүн амын тоо 65481, малын тоо толгой 1717700. Завхан аймаг нь 24 сум 113 багтай. 1923 онд байгуулагдсан таван аймгийн нэг юм. Улаанбаатар хотоос 984 километр зайтай оршдог. Тус аймагт байгалийн бүх бүслүүр оршдог.
Тус аймаг нь говь хангай хосолсон нутаг дэвсгэртэй ба Завхан, Идэр, Тэс, Мухар, Хүнгий зэрэг 189 гол горхи, Тэлмэн, Бүст, Бадархундага, Ойгон, Холбоо, Хөх нуур зэрэг 91 нуур, төрөл бүрийн халуун хүйтэн рашаан бүхий 40 гаруй байгалийн үзэсгэлэнт газартай. Баянзүрх, Зарт, Цэцүүх, Отгонтэнгэр, Даян зэрэг амралт сувиллын газруудтай.
Маршрут-1: Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр (4021м) уул, Их Монголын элсэн манхан, тал хээрийн бүсийг багтаасан аяллын маршрут. Нийт туулах зам- 650км
- Улиастай хотоос Богдын гол Мөнгөт хясаа, Богдын голын хүрхрээ, Цагаан нуур, Даян уулын үдлэх цэгт амарна. Туулах зам 50км.
- Даян уулаас Отгонтэнгэр уул харах, вансэмбэрүү цэцэг үзэх, Долоогийн даваа, Ширээгийн голын үдлэх цэг, Хөндлөнгийн даваа, Отгон сум, Буянт багаар дайран Отгонтэнгэр уулын өвөрт ирнэ. 160км
- Цагаан чулуут сумын Бурханы цогцолбор, Жавцаг баг Завхан голоор гаран Эрээн нуурт ирнэ. Нийт 150км.
- Эрээн нуур Завхан голын Далтын гарам, Ханийн худагийн хясаа, Ямаан усны үдэх цэг, Алдархаан сум, Улиастай хотод ирнэ. 140км.
Маршрут-2: Байгалийн өвөрмөц тогтоц бүхийн Хангай, Говь хосолсон тусгай сонирхлын аялалыг багтаасан маршрут. Нийт туулах зам-665км
- Завхан аймгийн Улиастай хотоос эхэлнэ.
Улиастай сумаас Их Монгол жуулчны бааз, Хатавчийн амны хүн чулуун хөшөө, Загастайн даваа, Идэр сумын төв Ногоон нуур дахь Маргад ембүү жуулчны бааз. Туулах зам 95 км. - Ногоон нуураас Идэр сумын төв, Тун, Жаргалангийн гол, Бөхөн шарын даваа Тэгшийн голын үдлэх цэг. Туулах зам 50км.
- Тэгшийн голоос Баяжихын даваа, Хангайн нурууны Марз уул, Хажуулын рашаан сувиллын газар ирнэ. Туулах зам 80км.
- Хажуулын голоо уруудан байгалийн үзэсгэлэнт газраар аялан Тосонцэнгэл сумын Skyline зочид буудалд ирнэ. Туулах зам 80 км.
- Тосонцэнгэл сумаас Мэргэний давааны үдлэх цэг дээр буун цааш Долоон товгор Элсэн манхан Ангирт нуурын хөвөөнд орших Замбага жуулчны баазад хүрнэ. Туулах зам 80км.
- Замбага жуулчны баазаас Нарийны даваа, Дахтын даваа, Тээлийн гол уруудан Хар нуур жуулчны баазад ирнэ. Мөн Улаагчны голын үдлэх цэг, Гол мод, Тээлийн гол уруудан Хар нуурт ирж болно. Туулах зам 120км.
- Хар нуураас Сэнжит цохио, Их, Бага Хатавчийн ам, Мухартын үдлэх цэгт очно. Туулах зам 50км
- Мухартаас Сээрийн дөрөлжөөр давж, Донойн хөндий, Яруугийн хүрээг үзэн Улиастайд ирнэ. Туулах зам 110км.
Маршрут-3: Тал хээр, говийн бүс нутгийн өвөрмөц, тогтоцтой нутгаар аялах. Нийт туулах зам-350 км
- Улиастай хотоос Яруугийн хүрээ, Алагийн даваа, Ханын худаг, Их хайрхан үдлэх цэгт амарна. 80км
- Их хайрханаас Эрдэнэ- Хайрхан сум мухартын элсэн манхан үдлэх цэгт амарна. 100км
- Мухартаас Сэнжит хадны үдлэх цэг, Бургастайгаар даван Хар нуур жуулчны баазад ирнэ. 50км (Хар нуурын орчмын аялалын маршрутаар аялаж болно)
- Хар нуураас Тээлийн гол, Намын давааны үдлэх цэг Дэнхэн чулуугаар дайран Улиастай хотод ирнэ. 120км