Хавдар судлалын үндэсний төвийн эмч нарын баг зургаадугаар сарын 6-7-ны өдөр Ховд аймагт ажиллаж байна.
Судалгаанаас үзэхэд, Монгол Улсын хэмжээнд хорт хавдрын өвчлөл, үүнээс шалтгаалсан нас баралт нэмэгдэх болжээ.
2020 онд улсын хэмжээнд 6702 хорт хавдрын шинэ өвчлөл бүртгэгдсэн. Ийнхүү шинээр бүртгэгдсэн хорт хавдрын 36 хувь нь орон нутагт, 35 хувь нь Хавдар судлалын үндэсний төв, 19.1 хувь нь нийслэлийн дүүргүүд, 9.1 хувь нь бусад эмнэлэгт оношлогдсон байна.
Хүйсийн хувьд эрэгтэйд элэг, ходоод, уушги, гуурсан хоолой, улаан хоолой, бүдүүн шулуун гэдэсний хавдар зонхилон тохиолдож байна. Харин эмэгтэйчүүдэд элэг, умайн хүзүү, ходоод, хөх, улаан хоолойн хорт хавдар тус тус зонхилон тохиолдож байгааг мэргэжлийн байгууллагууд дурдаж байна.
Иймээс элэг, цөс, нойр булчирхай болон хөхний хавдрын яаралтай үеийн тусламж үйлчилгээг сайжруулах, мэргэжлийн эмч нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хавдар судлалын үндэсний төв хамтран баруун бүсийн аймгуудын мэс засал болон хавдрын эмч нарт зориулсан ажлын байрны сургалт, туршлага солилцох үйл ажиллагааг хоёр өдрийн хугацаанд зохион байгуулж байна.
Энэ хүрээнд Хавдар судлалын үндэсний төвийн Элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын тасгийн эрхлэгч Э.Тайванбаатараар ахлуулсан эмч нарын баг Ховд аймагт ажиллаж байгаа.
Тэд аймгийн нэгдсэн эмнэлэг болон Говь-Алтай, Баян-Өлгий аймгийн хавдар, мэс заслын тасгийн эмч нарт сургалт хийх замаар хөхний хавдар болон элэг, цөс, нойр булчирхайн хавдрын мэс засал, яаралтай үеийн тусламж үйлчилгээнд анхаарах асуудлуудын талаар мэдээлэл өгөв.
Түүнчлэн хоёр өдрийн хугацаанд орон нутгийн эмч нартай хамтран хяналтын 40-50 хүнд үзлэг хийж, зөвлөгөө өгсөн бөгөөд элэг болон хөхний хавдрын дөрвөн мэс засал хийж, туршлага хуваалцлаа.
Ховд аймгийн тухайд 2021 онд 166 хавдрын тохиолдол шинээр оношлогдсон. Үүнд элэгний хавдар 59, ходоодны 21, улаан хоолойн 17, уушгины 11, тархины хавдар 8 байв.
Хавдрын өвчлөл, нас баралт эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлуудын нэг болоод байгаа тул 2022 оноос эхлэн Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв (нэгдсэн эмнэлэг)-д элэг, цөс, нойр булчирхайн хавдрын мэс ажилбаруудыг шинээр нэвтрүүлэн ажиллаж байна.
Энэ удаа ажлын байрны сургалт зохион байгуулснаар дээрх мэс засал (ажилбар)-уудын чанар, эмч нарын ур чадвар сайжирч, цаашид хавдрын яаралтай үеийн тусламж үйлчилгээг орон нутагтаа үзүүлэх, хөдөө орон нутгаас хот руу чиглэсэн урсгалыг багасгах боломж бүрдэнэ гэж эмч нар хэллээ.
Эх сурвалж: Montsame